Хөгжлийн банкнаас ноолуур хөтөлбөрөөр зээл авч Таванбогд трейд, Таванбогд фүүдс пицца компанийн ӨРИЙГ дарсан Б.Баатарсайхан захиралтай Говь ХК-тай холбоотой мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард олон нийтэд хүрч шүүмжлэл дагуулсан.
Тодруулбал, Говь ХК нь Ноолуур хөтөлбөрийн хүрээнд нийт таван удаа болон "Дулаан гэр" ХХК-тай хамтран 31,2 тэрбум төгрөгийн санхүүжилт, Хөгжлийн банкнаас шууд зээлээс 161 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг Улмаар дамжуулан олгосон ноолуурын санхүүжилтээс 17 тэрбум төгрөгөөр "Таванбогд трейд" болон "Таванбогд фүүдс пицца" компанийн зээл өрийн төлбөрийг төлсөн байна. Уг зээл үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд олгосон ч Говь ХК найман тэрбум төгрөгийг хадгаламжийн дансандаа байршуулсан тухай мэдээлэл нийтэд дэлгэгдэж байв.
Ноолуурын салбарыг дэмжих төсөл хөтөлбөрийн 20 жилийн хугацаанд 192 тэрбумын хөнгөлөлттэй зээл авч төрийн хайр халамжийг хангалттай хүртсэн ч алдагдалтай ажилласаар байгаа компани бол ГОВЬ юм.
Үүнийг хувьцаат компаниудын нийтэд ил болсон мэдээллээс харж болно. "Говь" компани ба түүний охин компаниудын энэ оны нэгдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 30 хүртэлх тайланд ДОЛООН тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тухай тайлан мэдээлэл гаргажээ. "Говь" ХК 2023 оны хагас жилийн тайланд тусгаснаар 7.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
П.ГОО