“НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аяны хүрээнд шалгалт, хурд, хамгаалах бүс, согтуу жолооч, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл гэсэн 4 чиглэлийг эрчимжүүлж ажиллаж байна.
Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд эхлүүлээд байна. Тус аян зургаадугаар сарын 30-наас эхлэн наймдугаар сарыг дуустал үргэлжлэх ажээ.
Монгол улсын хүн амын тоо 3.4 сая. Гэтэл жил бүр нэмэгдэх зам тээврийн хэрэгслийн тооноос хамаарч нэг жилд дунджаар 500 орчим хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж байна. Статистикаас үзэхэд зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдлын 50-60 хувь нь амралт зугаалгын сар буюу 6, 7, 8, 9 дүгээр сард гарчээ.
Энэ удаагийн “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аяны онцлог нь замын хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийн ойлголт мэдлэгтэй, дүрмээ баримталдаг болгох, жижиг гэлтгүй буруу үйлдлээр бусдын эрх, эрх чөлөө болон эд хөрөнгөд хохирол учруулдаг байдлыг бууруулах, зөв соёлтой хөдөлгөөн оролцохыг уриалах юм. Аяны нэрд соёл гэсэн үг орсон бөгөөд энэ үгийн цаана хөдөлгөөнд оролцогч бүрийн үүрэг, хариуцлага, ухамсарт үйл ажиллагаа замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх гэсэн агуулга багтаж байгаа аж.
Улсын хэмжээнд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжтэй 49 гомдол мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 47 хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан байна.
Тус аяны хүрээнд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, “Хурд хэтрүүлэх”, “Хамгаалах бүс”, “Гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах”, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэх, энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байхад илүү анхаарч ажиллана хэмээн онцолж байлаа.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд эхлүүлж байгаа нь энэ билээ. Иргэд та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримталж зам гэсэн нэг л жимээр бие биеэ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Уншиж байна |