ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд дайн өдүүлж, улмаар 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Орост цэргийн комиссарын байрыг галдан шатаасан, шатаахыг завдсан хэргүүд олноор гарсан юм. Энэ удаад ийм хэрэг үйлдсэн иргэн 13 жилийн ял сонсжээ.
ТАСС агентлагийн мээдэлснээр, Екатеринбург хотын Төв тойргийн цэргийн шүүх Нижневартовск хотын оршин суугч Василий Гаврилишенийг цэргийн комиссарын байр галдан шатаасан хэргээр буруутгаж, 13 жилийн хорих ял оноосон байна. Түүнчлэн ялаа эдлээд суллагдсаны дараа дахин 1,5 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял эдлэх гэнэ.
Мөрдөн байцаагчдын мэдэгдсэнээр, Гаврилишен болон өөр нэгэн оршин суугч хамтран Украины тусгай албадтай холбоотой гэгдэх Ростислав Мухиний заавраар цэргийн комиссарын байрыг галдсан бөгөөд тэдэнд энэ хэргийн төлөө 1-3 сая рубль өгнө гэж амласан гэнэ. Тэд энэ хэргийг 2022 оны тавдугаар сарын дөрвөнд шилжих шөнө үйлджээ.
Энд дуулгахад, Украинд дайн эхэлснээс хойш Орост цэргийн комиссарын байрыг галдан шатаах гэсэн 50 гаруй оролдлого бүртгэгдсэн байна. Ийм хэргийг алан хядах ажиллагаа гэж үзэн 15 хүртэлх жилийн ял онооно гэж Оросын Ерөнхий штаб мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |