Ахуйн зориулалтын уут, нэг удаагийн сав, соруул зэрэг хуванцар материалаар хийгдсэн бүтээгдэхүүнүүд байгальд хаягдан, задралгүй олон жил болж, хүрээлэн буй орчинд ихээхэн хор хохирол учруулдаг тул энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг хориглох, хязгаарлах, бууруулах тал дээр дэлхийн орнууд шийдэмгий арга хэмжээ авсаар байна.
Эдгээр орнуудын дундаас Шинэ Зеланд улс супермаркетуудад гялгар уут зарахыг бүрэн хориглосон анхны улс боллоо. Энэ шийдвэр нь хуванцартай тэмцэх аяны нэг хэсэг бөгөөд долдугаар сарын нэгний өдөр хүчин төгөлдөр болжээ. Эхний ээлжинд нэг удаагийн уут, савыг хориглох юм байна. Улмаар хоёр жилийн дараагаас пловинхлорид материалаар хийсэн бүх уут, савыг хориглох аж.
Шинэ Зеландын Экологийн яамны мэдээлснээр, энэ улсын оршин суугч бүр жилд 60 кг хуванцар хаягдлыг хог дээр хаядгийн ердөө таван хувь нь л дахин боловсруулагддаг юм байна. Хуванцар материалаар хийсэн сав, уутыг хориглосноор жил бүр 150 сая гялгар уут байгальд хаягдахаас сэргийлж чадна гэж Засгийн газар үзэж байгаа талаар NZ Herald мэдээлжээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Шинэ Зеландын эрх баригчид бүтээгдэхүүн баглах нэг удаагийн хуванцар баглаа ашиглахыг албан ёсоор хориглож байв. Энэ хориг 2019 оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн үйлчилсэн. Хуванцар сав баглаа боодлыг хориглосноор байгальд хортой энэ төрлийн бүтээгдэхүүнийг хориг зөрчин нийлүүлсэн байгууллагыг 67 мянган доллараар торгохоор болсон юм.
Хуванцарын хаягдал
Далай тэнгист хуванцар хаягдал ихээр хуримтлагдсан нь дэлхий дахины өмнө тулгарсан ноцтой асуудлуудын нэг болсон юм. Усанд хаягдсан хуванцар сав, гялгар уутыг залгих, эсвэл түүнд орооцолдсоны улмаас жил бүр хэдэн сая шувуу, 100 мянга гаруй далайн сүүн тэжээлтнүүд гэмтэж, үхдэг гэж байгаль хамгаалагчид мэдэгдэж байв.
Байгальд ихээхэн хор учруулж буй энэ төрлийн хаягдалтай тэмцэх үүднээс дэлхийн 80 орчим орон нэг удаагийн уут, савыг хориглосон гэж НҮБ мэдээлж байв.
Гэхдээ энэ нь хуванцарын асуудлыг шийдэхэд ердөө ганцхан алхам юм. Британийн Хатан хааны статистикийн нийгэмлэгийн шинжээчид тооцоолсноор, дэлхий даяарх нийт хуванцар хаягдлын 90,5 хувь нь дахин боловсруулагддаггүй, хог хаягдал дээр хуримтлагдаж, байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг байна. Энэ байдал цааш үргэлжилвэл 2050 он гэхэд дэлхий даяарх хуванцар хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгдэх аж.
Шинэ Зеланд зэрэг дэлхийн олон орон хог хаягдлаа өөр орнууд руу илгээх замаар хуванцар хаягдлын асуудлыг шийдэж байлаа. Гэвч ойрын үед энэ аргаас татгалзахгүй бол дэлхий даяар хуванцар хаягдал тархах аюултай тул хуванцар дахин боловсруулах төслүүдэд ихээхэн хөрөнгө зарцуулж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |