Ердөө сарын өмнө нэр хүнд эрс өсөж байсан Евгений Пригожиний нэр хүнд бүтэлгүйтсэн бослогынх нь дараа эрс унажээ. Энэ талаар Коммерсант агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, бослого гаргахаар оролдож бүтэлгүйтснийх нь дараа Вагнерын эзэн Евгений Пригожинийг дэмжих хандлага хоёр дахин унажээ. Russian Field компаниас явуулсан олон нийтийн санал асуулгад оролцогчдын 69 хувь нь Вагнер эрх баригчдыг амжилттай түлхэн унагах боломжгүй байсан гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэохийлсэн байна.
Мөн зургадугаар сарын 23-24-ний өдрүүдэд болсон үйл явдлын дараа Евгений Пригожинийг дэмжих хандлага эрс буурчээ.
Өмнө нь хийсэн судалгаагаар, олон нийтийн санал асуулгад оролцогчдын 55 хувь нь вагнерчууд фронт дээрх ажиллагаанд оролцож байгааг эергээр үнэлдэг байсан бол бүтэлгүйтсэн бослогын дараа тэднийг дэмжих иргэдийн тоо 29 хувь болтлоо буурсан байна.
2023 оны эхээр Евгений Пригожиний нэр хүнд 41 хувиас 55 хувь болтлоо өсөж байв. Тэр дундаа Телеграм сувгаас мэдээлэл авдаг 45-59 насны эрчүүдийн дунд Пригожинийг дэмжигчид улам нэмэгдэж байжээ.
Гэвч бослого болсны дараа нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байна. Одоо иргэдийн ердөө 29 хувь нь Евгений Пригожинийг дэмжиж байгаа бол 39 хувь нь түүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Пригожиний марш
Зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Пригожин "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарлан, Ростовыг хяналтдаа авсан юм. Тэрбээр Батлан хамгаалах яамны дээд удирдлагын тушаалаар вагнерчуудын хуаранд пуужингаар цохилт өгсөн хэмээн мэдэгдэж, Шойгу, Герасимов нараас хариуцлага нэхэж байв. Энэ бүхнийг Оросын эрх баригчид "цэргийн эргэлт хийхийг оролдсон", "эх орноосоо урвасан" явдал хэмээн үзэж байлаа. Нэг өдөр гаран үргэлжилсэн Вагнерын бослого Орост багагүй хохирол учруулсан юм.
Воронеж мужид буудалцаан гарсны улмаас энэ мужийн нэгэн тосгоны 19 байшин оногдож, М-4, Е-38 автозамууд эвдэрчээ. Донын Ростов хотод танк явсны улмаас 10 мянган квадрат метр зам эвдэрснийг хоёр өдрийн дотор засна гэж амлаж, ажлаа шуурхайлан эхлүүлснээр зургадугаар сарын 26-ны өдөр ажил дууссан байна. Вагнерын бослогоос үүдэлтэй хамгийн ноцтой хохирол нь Воронеж дахь газрын тосны үйлдвэрт гарсан гал байлаа. Энд онгоцны түлшний нөөцлүүрийг Стрела зенит пуужингийн комплексоос харвасан пуужин онож, гал гарчээ.
Лента агентлагийн мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний өдөр болсон бослогын үеэр Воронеж мужид вагнерчууд хоёр нисдэг тэрэг, нэг онгоц буудаж унагажээ.Эхний нисдэг тэргийг Воронеж мужийн Елизаветовка суурингийн ойролцоо болсон мөргөлдөөний үеэр буюу зургадугаар сарын 24-ний өглөөний 05:00 цаг орчимд сөнөөсөн байна. Нисдэг тэрэгний нисгэгчид амьд гарчээ. Харин хоёр дахь нисдэг тэргийг Филоново суурингийн ойролцоо устгасан байна. Үүнээс нэг цагийн дараа Кантемировка сууринд пуужингаар Ил-22 онгоц харван сөнөөсөн байна. Энэ онгоц нь агаарын командлалын төв байсан бөгөөд онгоцонд тухайн үед 10 хүн байсан гэнэ.
Оросын албан ёсны хэвлэлүүдээр ийм мэдээлэл гарч байгаа бол олон нийтийн сүлжээгээр бослогоос үүдсэн армийн хохирол хавьгүй их байсан гэсэн мэдээлэл тархаж байгаа юм.
Олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээллээр, Оросын армиа Ми-8МТПР гурван нисдэг тэрэг, Ми-8 тээврийн нисдэг тэрэг нэг, Ка-52 цохилтын нисдэг тэрэг, Ми-35М тээвэр байлдааны нисдэг тэрэг нэг, Ил-22 /агаарын удирдлагын пункт/ онгоц нэг гээд нийт зургаан нисдэг тэрэг, нэг онгоц алдсан байна.
Г.Бямбасүрэн