ОХУ дайн эхлүүлснээс хойш асар их хохирол амссан ч "оросуудын чадварыг дутуу үнэлж болохгүй" гэж НАТО-ийн цэргийн хорооны дарга адмирал Роб Бауэр мэдэгдсэнийг The Moscow Times сонин дамжуулжээ.
Түүний өгүүлснээр, Оросын хуурай замын цэрэг Украинд ихээхэн хохирол амссан ч Тэнгисийн цэргийн хүчин болон Агаарын цэргийн хүчин хүчирхэг хэвээр байгаа гэнэ. Одоо Оросын анхаарал Украинд төвлөрсөн байгаа тул "хуурай замын цэргийн хүчнийхээ 94 хувийг Украинд байршуулсан" гэж Бауэр онцолсон байна.
Америкийн тагнуулын мэдээллээр, хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхээр Оросын Хуурай замын хүчний 544 батальоны 527-г Украин руу илгээсэн бөгөөд тэдгээрийн 474 нь хэдийнэ Украинд байршсан байсан аж. Мөн энэхүү 474 батальоны 23 хувь нь "байлдах чадваргүй" гэж Пентагон үзэж байгаа гэнэ.
Хэдийгээр Украины фронт дахь бие бүрэлдэхүүнээ нөхөх нөөц Орост үлдээгүй ч хүчээ сэлбэж чадна гэж НАТО үзэж байгаа аж. Тэнгис, агаар, тэр бүү хэл сансарт ч тэдний учруулж болзошгүй аюул оршсоор байна гэж Бауэр мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |