Олон улсын ипотекийн зах зээлийн түвшинд Монгол, Филиппин, Малайз улсууд хамтран түншилнэ
2023-03-14

Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог үр дүнтэй, найдвартай хэрэгжүүлэх, санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Монголын ипотекийн корпораци (МИК) нь бүс нутаг болон олон улсад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагуудыг нэгтгэдэг мэргэжлийн холбоодын гишүүнээр ажилладаг. Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны (ISMMA) ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад  боллоо. Тус хурлын гол үйл явдал нь орон сууцны санхүүжилтийн салбарт  ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих чиглэлээр мэдлэг туршлагаа нэгтгэн олон улс, бүс нутгийн түвшинд илүү нягт хамтран ажиллахаар боллоо.

 

 

Тухайлбал Монголын ипотекийн корпорациас Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпораци (NHMFC)  Малайзын Чагамас Бэрхад (Cagamas Berhad) буюу Орон сууцны санхүүжилтийн компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт  МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга,  Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпорацийн ерөнхийлөгч Ренато Л.Тобиас Малайзын Чагамас Бэрхад   компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Датук Чунг Чи Леонг нар гарын үсэг зурлаа. Уг үйл явдлыг орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын ипотекийн зах зээлийн хөгжлийг дэмжих, нийтлэг зорилгодоо хамтдаа хүрэх дараагийн алхам гэдгийг талууд онцлон тэмдэглэв.

 

Санамж бичгийн хүрээнд талууд орон сууцны санхүүжилт тогтолцоо, ипотекийн зээлээр баталгаажсан бондын зах зээл, ипотекийн зах зээлийн талаарх мэдээллийг харилцан солилцох, туршлага хуваалцах, ипотекийн зах зээлийн өсөлт, тэлэлтэд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны шинэ шатад гарна гэж үзэж байна.

 

Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоон нь дэлхийн өнцөг булан бүрээс ипотекийн хоёрдогч зах зээлийн байгууллагуудыг нэгтгэж, орон сууцны санхүүжилтийн зах зээлийг дэмжих, мэдлэг мэдээлэл солилцох зорилгоор 2018 онд байгуулсан. Өдгөө 31 үндсэн гишүүн, 6 ажиглагч гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин