Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч, материалжуулан шалгаж байна.
"Баян хаябуса" ХХК-ийн жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг ачиж явах үед иргэн М нь машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэх үед жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцож, улмаар гудамж, талбайд хутга гаргаж танхайрсан байна.
Иргэн Ц нь урьд өмнө хулгайлах, танхайрах гэмт хэргээр нийт 4 удаа ял шийтгэгдэж байжээ.
Иргэн Ц-ийн дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг /Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах/, 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг /Танхайрах/ зэрэг хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн шинжтэй үйлдэл байна.