Ипотекийн зээлийг 30 жилийн турш тогтмол дүнгээр төлөх боломж бүрдлээ
2023-02-07

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу "Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив гучин хоёр ТЗК” ХХК (Тусгай зориулалтын компани) нь 2023 оны 2-р сарын 03-ны өдөр 560 тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/-ыг гаргаж, 6,964 өрхийн ипотекийн зээлийн хугацааг баталгаажууллаа. Ингэснээр иргэд ипотекийн зээлээ 30 жилийн хугацаанд тогтмол дүнгээр төлж, орон сууцанд тухтай амьдрах боломж бүрдэж байна.

 

Иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2013 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкнууд, Монголын ипотекийн корпораци гэх зэрэг байгууллагууд хамтран оролцож, төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишгийг бий болгож амжилттай нутагшуулсан байна. Олон улсад түгээмэл хэрэглэдэг энэхүү орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцооны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь банкны олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, санхүүгийн хоёрдогч зах зээл дээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу урт хугацаат бонд гаргадаг үйл ажиллагаа юм. Улмаар ипотекийн зээл барьцаалсан бонд гаргаснаар тухайн  зээлүүдийг банкнуудын балансаас авч, худалдан авснаар дараагийн өрх айл, иргэд шинээр ипотекийн зээл авах боломж бүрддэг төдийгүй иргэдийн ипотекийн зээлийн 30 жилийн хугацааг баталгаажуулдаг.  Өөрөөр хэлбэл богино хугацаатай, хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэрийн ур хугацаатай болгож орон сууцны зээлийн насжилтыг уртасгаж байгаа юм.

 

МИК-ийн гаргасан 32-р ээлжийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын багцад  Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, Засгийн газраас баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ын дагуу Улаанбаатар хот болон орон нутагт олгосон 7,000 орчим зээл багтлаа. Худалдан авах жагсаалтад орсон ипотекийн зээлийн багцын 76% нь Улаанбаатар хотод, 24% нь орон нутагт олгогдсон орон сууцны зээл хамрагдсан бол 92% нь шинээр олгосон  зээл, 8% нь дахин санхүүжүүлсэн зээл тус тус эзэлж байна. Тус багцын зээлдэгчдийн 86% нь цалингийн орлоготой, 10% нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 0.04 хувь нь малчин үлдсэн хувь нь нэмэлт орлогын эх үүсвэртэй иргэн өрх байна. Мөн энэ удаагийн МИК-д шилжсэн ипотекийн зээлүүдийн 46% нь 23-33 насны, 39% нь 34-43 насны зээлдэгчид эзэлж байгаа нь ипотекийн зээлийн хөтөлбөрийн зорилтот бүлэг буюу залуу өрх, иргэдэд хүрч байгааг илтгэж байна. Мөн зээлдэгчдийн 40 орчим хувь нь ипотекийн зээл авч, гэр хорооллоос орон сууцанд шилжсэн байгааг харахад ипотекийн зээлийн хөтөлбөр нь агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд тогтвортой хувь нэмэр оруулдаг болохын баталгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин