Хуурамч шатахуун гэх төөрөгдөл
2023-06-19

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэц " Газрын тосны дайвар бүтээгдэхүүнд Онцгой татвар ногдуулах хууль"- ийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Пүрэвдорж " хуурамч шатахуун” гэх үлгэрээ дахин амилуулж, олон нийтэд ташаа мэдээлэл тарааж эхэллээ.

 

 

 

Олон нийтэд итгэтэл нь сурталчилсан хуурамч шатахуун гэж чухам юуг хэлээд байна вэ. Дотоодод нефтийн дайвар бүтээгдэхүүн ашиглан үйлдвэрлэдэг зөвхөн газар тариалан, уул уурхайн хүнд машин механизмд борлуулж байсан дизель түлшийг хуурамч шатахуун гэж сурталдаж байгаа. Үүнээс болж нийтийн тээврийн автобус, иргэдийн унаа машин эвдэрч, хар утаа хаяж, иргэдийн эрүүл мэнд хохирч байна гэж мэдээлээд байгаа. Гэтэл зөвхөн газар тариалан уул уурхай зам барилгын салбарынхан л дотоодын үйлдвэрийн дизель түлш ашиглаж байсан учир нийслэлд тортог бий болгосон, суудлын машин техник эвдсэн гэдэг нь ор мөргүй худал мэдээлэл юм. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг дотоодын цөөхөн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг хуурамч шатахуун гэх нэр зүүж түүхий эдэд нь онцгой татвар ногдуулан бизнесийг нь зогсоож, гаднаас шатахуун импортлодог компаниудын эрх ашгийг хамгаалж байна.

 

Ер нь ОХУ-аас импортолдог бензин шатахуун ч бэлнээрээ газрын дороос гардаггүй. Түүнийг ч бас тэндээ “найруулж”, нэрж, гаргаж авч буй нь ойлгомжтой юм. Тэгэхээр манайд үйлдвэрлэж буй хийгээд импортоор орж ирж буй шатахуун хоёр нь чанар стандартын хувьд ялгаагүй гэсэн үг. Гагцхүү нэг нь ОХУ-д, нөгөө нь Монгол Улсад үйлдвэрлэсэн гэх “шошго”-ын ялгаа л байна. ОХУ-д үйлдвэрлэсэн нь зөв, Монгол улсад үйлдвэрлэсэн нь буруу байлгах сонирхол хэнд байна вэ.

 

Нөгөөтэйгүүр Б.Пүрэвдорж гишүүн “...Хуурамч шатахуун нь өндөр татвар төл” гэсэн агуулгатай зүйлийг яриад байдаг. Хэрвээ хуурамч шатахуун гэж байдаг бол татвар тавих биш шууд хориглох ёстой бус уу. Хуурамч учраас өндөр татвар төл гэж байгаа нь энд өөр эрх ашиг байгааг илчилнэ. Тэхээр дотооддоо дизель түлш үйлдвэрлэхийг хориод онцгой татвараар дарамтлаад байгаагийн цаана шатахуун импортлогч томчууд байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Дотоодод үйлдвэрлэсэн шатахуун машины эвдрэл, хүн амын эрүүл мэндэд хүртэл нөлөөлж байна гэж үзсэн бол дотоодын үйлдвэрлэлд Онцгой татвар тавих биш бүр хаая гэж ярих нь логиктой. Гэтэл хаая гэхгүй онцгой татвар авна гэж байгаа нь импортлогчидтой өрсөлдүүлэхгүй гэсэн л санаа юм.

 

Хэдэн арван жил ОХУ-аас шатахуун оруулж ирж, колонкуудаараа ижил үнэтэй "шахдаг" колонкийн эзэд, дотоодод үйлдвэрлэл явуулахыг үхэн хатан эсэргүүцэж, Үндсэн хууль зөрчсөн Онцгой татварын хуулийг 2021 онд батлуулсан. Одоо энэ хууль нь Үндсэн хууль зөрчсөнийг тогтоохоор дахиад л хуурамч шатахуун гэдэг гүтгэлгээ явуулаад эхэллээ.

 

"Хуурамч шатахуун” гэдэг нь нефть импортлогчдын PR-даж бүтээсэн хий хоосон “мангас” юм.

 

Энэ мангасаар айлгаж, импортлогчдын эрх ашгийг хамгаалж, дотоодын үйлдвэрлэгчдээ татвараар дарамталж сөхрүүлж байгаа нь эдийн засгийн сэргэлтийн эсрэг үйл ажиллагаа биш үү. "Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй” УИХ-ын чуулганы индэр дээрээс хүссэнээрээ ярьж олон нийтийг төөрөгдүүлж, шударга өрсөлдөөн, дотоодын үйлдвэрлэлийг боомилж байгаа энэ явдлыг анхаарах хэрэгтэй байна. Шатахууны чанар ярих бол манайд ОХУ-аас импортолдог бүтээгдэхүүн ч өдгөө дэлхий нийт хэрэглэж байгаа евро стандартынх биш.

 

Эдийн засгийн хүчин чадал, нэг улсаас хамааралтай импортоос үүдэн Монгол улс даяараа чанар муутай шатахуун хэрэглэж байгаа нь утаа тортог, эрүүл мэндийн шалтгаан байж болно. Харин импортлогчдийн зохиосон дотоодын үйлдвэрлэгчдийн дизель түлш хуурамч гэдэг гүтгэлэг бол өрсөлдөгчөө дарах гэсэн хар пиар юм. Тиймээс төрийн зүгээс чанар стандартдаа тавих хяналтаа сайжруулж, шатахууны үйлдвэрлэл, импортод чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж байж л бид ганц улсаас хамааралтай импортоос чөлөөлөгдөнө.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Онцгой татваргүй олон жил оруулж ирж цөм ашиг хийж байсныг л зогсоосон. Үйлдвэрийн ДТ бензинийг онцгой татвартай оруулж ирж байхад "Дотоодын найруулагчд" онцгой татваргүй оруулж ирж байсан нь тэгээд шударга явдал уу?
2023-06-23
Фитишаа:
Хуурамч юмыг хуурамч л гэнэ штээ
2023-06-19
сондор:
Гаалийн байгууллагад ажилладаг хуурамч шатахууны оруулж ирдэг бүлэглэл байдаг тэд одоо өөрсдөө колонктой
2023-06-19
Мэргэжлийн хүн:
дотоодод ямарч шатахуун үйлдвэрлэхгүй байгаа шүү. Энэ Б.Болд гэдэг нөхөр мөнгө авсан тролл байна. Үйлдвэрлэлийн түвшинд технологийн горимын дагуу фракцуудын буцлах тодорхой хэмд дулааны задралын аргаар нэрж, холих асуудал нь саванд элдэв түлш холиод хутгаж байгаатай тэс хөндлөнгийн асуудал шүү. Мэргэжлийн түвшин, өнцгөөс асуудалд хандаачээ.
2023-06-19