Squid Game-2 цувралд тоглох жүжигчдийг танилцуулав
“Squid Game” гэдгийг монголчилбол “Наймаалжин тоглоом” гэж орчуулж болох юм. “Squid” гэдэг нь бидний мэдэх наймаалжтай ижил төрөл, зүйлийн далайн амьтан бөгөөд монгол хэлэнд түүнд тохирох нэршил байдаггүй аж. Нэгдүгээр улирлаараа дэлхийн ихэнх хүмүүсийг өвөрмөц өнгө төрх, шинэлэг санаагаараа давамгайлж чадсан Өмнөд Солонгосын цуврал кино билээ.
Өнгөрсөн амралтын өдөр "Squid Game"-ийн хоёрдугаар цувралаар олон шинэ жүжигчдээр киногоо амилуулах болно хэмээн Netflix Бразилийн Сан Пауло хотод болсон Tudum дэлхийн арга хэмжээний үеэр мэдэгдэв.
Хоёрдахь ангид гарах жүжигчдийг дурдвал Йим Си Ван, Кан Ха Неул, Пак Сон Хун, Ян Дун Гюн нар оржээ. Тэдний дүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Хоёр дахь улиралдаа эргэн ирж байгаа жүжигчдийн хувьд И Жүн Жэ, И Бён Хун, И Ха Жун, Гон Ёо нар тоглох аж.
"Squid Game"-ийн эхний улирал нь Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй цуврал болж, 28 хоногийн дотор 1.65 тэрбум цаг үзсэнээр дэлхийн хэмжээнд урьд өмнө гарч байгаагүй амжилт байв. Мөн 2022 оны Эммигийн шагналын 14 номинацид нэр дэвшиж, зургаан ялалт байгуулсан амжилттай.
"Squid Game" киног бүтээгч, найруулагч, зохиолч Хван Дун Хюкийн ахлуулсан хоёрдугаар ангийн зураг авалт энэ оны сүүлийн хагаст эхлэх бөгөөд ирэх онд нээлтээ хийх төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ