Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Шадар сайдад тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуулгын хариуг сонсов.
Мэдээллийг УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэн танилцууллаа.
Энэтхэг улсын Засгийн газрын 1 тэрбум 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Дорноговь аймгийн Алтан Ширээ сумын нутагт 2017 оноос хэрэгжүүлж байна. Энэ үйлдвэр байгуулагдсанаар жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн АИ-95 автобензин, 40 мянган тонн онгоцны түлш, 864 мянган тонн дизелийн түлш, нийт 1.3 мянган тонн стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ нь манай улсын ДНБ-ий 55 хувийг хангах боломжтой.
Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн гурван багц ажлаас гурван ажлын гэрээг байгуулж, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн шугамд оруулаад байна. Харин IV багцын ажлын гэрээг 448 сая ам.доллараар байгуулснаар төслийн нийт зардал 1.6 тэрбум ам.доллар болж өсчээ.
Хөгжлийн банкны санхүүжилт зогссонтой холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар Засгийн газраас 182 дугаар тогтоол гаргасан ч тогтоолын зарим заалт тодорхой бус, шат дамжлага нэмсэн байдлаас болж, үйлдвэрийн санхүүжилт, татвараас чөлөөлөх, хил гаалиар нэвтрүүлэх асуудлууд 02 дугаар сараас хойш саатаж, цаг хугацааны ихээхэн хохирол бий болж, гэрээлэгч байгууллагууд нөхөн төлбөр нэхэж эхэлжээ.
Энэтхэгийн талаас яг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага тавьж байна.
Засгийн газрын тогтоол гарснаас хойш төсөл хэрэгжүүлэгч компани, ЗГХЭГ, УУХҮЯ, Сангийн яам, Эрдэнэс Монгол компаниуд хоорондоо албан бичиг солилцож, цаг алдсанаас болж хилийн гадна их хэмжээний бараа материал гацаж, зарим хэсэг нь Энэтхэгийн боомтоос ачигдаж чадахгүй, хүлээгдэж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулан олон тооны машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг оруулж ирж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хоёр, гурав, дөрөвдүгээр багц ажлууд болон түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын механик угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ тоо хэд дахин нэмэгдэнэ.
Гэтэл Сангийн яамнаас ерөнхий гүйцэтгэгчийн ажилд шаардлагатай машин, механизм, тоног төхөөрөмжийг гаалийн түр горимд байршуулж, цаашид сунгах боломжгүйгээр нэг жилийн хугацаатайгаар импортоор оруулж, хугацаа дуусмагц Энэтхэг улс руу буцаан гаргаж, дахин оруулж ирэх нөхцөлийг тавьжээ. Энэ нь гүйцэтгэгчдийг хүндрэлтэй байдалд оруулжээ.
Барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгч Энэтхэг улсын компаниудын зүгээс гаалийн горимын шаардлагаас болж хөрөнгө санхүүгийн хохирол амсаж, цаг хугацаа алдаж байгаа талаар Монголын талд удаа дараа мэдэгдэж, түр горимын хугацааг төсөл хэрэгжих хугацаагаар сунгах эсвэл татвараас чөлөөлж, бүрмөсөн горимоор импортлох хүсэлт тавиад байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир: Энэ мэдээллээс харахад Засгийн газрын түвшинд, яамдын бүтэц, ажил хариуцсан хүмүүсийн хайнга, хариуцлагагүй заваан зан харагдаж байна. Ойлгомжтой саад тотгор байна. Засгийн газар, ЗГХЭГ, Эрдэнэс Монгол компани сэтгэл гаргавал болохгүй ажил биш.
Энэ урт хугацааны бүтээн байгуулалтын ажил. Тэр техник, тоног төхөөрөмжийг нь урт хугацаагаар оруулж ирэх боломжийг Засгийн газраас Сангийн яаманд үүрэг өгөөд л болоо. Нэг жилийн хугацаатай оруулж ирсэн тоног төхөөрөмжийг буцааж Энэтхэг рүү гаргаад, дахиж бүрдүүлэлт хийгээд оруулж ирнэ. Асуухаас ч уур хүрмээр байна.
Сангийн яам, гаалийг дуудаад Засгийн газар дээр шийдвэрлэх ойлгомжтой асуудал.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Энэтхэгийн Засгийн газраас олгох мөнгийг гэрээнд хэд гэж заасан вэ? Манай төсөл анх ямар үнэтэй байсан вэ? Одоо нийт өртөг хэд болсон вэ?
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэг: Үйлдвэрийн бүтээн байгуулалтын нэгдүгээр ажил 2021 онд эхэлсэн. 2023 онд дуусна. Нэгдүгээр ажлын гэрээний дүн 97.8 сая ам.доллар. Хоёрдугаар багц ажлаар үйлдвэрийн үндсэн технологийн ажил эхэлж байгаа. Гуравдугаар багц ажил дангаараа үйлдвэрийн цахилгаан станц. Хоёр, гуравдугаар багц ажлын гэрээний дүн 788 сая ам.доллар. Дөрөвдүгээр багц ажлын тендер 2022 онд зарлагдаж, хамгийн бага үнийн саналыг хоёр, гуравдугаар багц ажилд сонгогдсон Энэтхэгийн “Мега инженеринг” компани 648 сая ам.долларын саналыг ирүүлсэн.
Нийт үнийн дүн 1 тэрбум 658.9 сая ам.доллар болж байна. Нэмэлтээр 437 сая ам.доллар шаардлагатай болж, үнийн дүнг анх тооцоолсноос 32 хувиар өсөж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс гаргах тухай тогтоолын төсөл орж ирсэн байна. Нэмэлт 400 орчим сая ам.долларыг төсвөөс санхүүжүүлнэ гэсэн үг үү? Улсын төсвөөс хэр хэмжээний хөрөнгөөр юу санхүүжүүлэх вэ?
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэг: Компанийн урсгал зардлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан. Энэ зээл зогссон. Бидний өдөр тутмын санхүүжилт өнгөрсөн жилээс доголдож, 01, 02 дугаар сард цалингаа тавьж чадахгүй, хэцүүдлээ. 10-20 инженерээ алдлаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Энэ байдлаараа Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орох уу? Ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж, ажил хэргийн шугамаар шийдэх олон асуудал гацсан байна. Гааль, татварын хөнгөлөлттэй холбоотой асуудлыг шийдэх боломж байгаа. Энэ бүхэнд ач холбогдол өгөхгүй, анхаарахгүй байгаа ажил хариуцсан хүмүүс нефтийн үйлдвэрийн эсрэг ажиллаад байгаа юм уу?
Суудал бөглөөд сууж байгаа төрийн албан хаагчид бодлогын эсрэг байгаа дүр зургийг юу гэж ойлгох вэ? Яагаад шийдэл гаргаж, ажиллахгүй байгаа юм бэ?
Сангийн яамны дүрэм журамд нийцээгүй учраас зээл нь зогсчихсон. Гэтэл зээлийн хүү нь яваад байгаа. Цалингаа тавихын тулд 10.9 хувийн хүүтэй зээл авч байдаг. Ийм дампуу юм гэж юу байна, хэн хариуцлага хүлээх вэ? Мөнгө, хүүний алдагдлын хариуцлагыг хэн хүлээх вэ?
Техник, тоног төхөөрөмжийг нь оруулж ирчихээд буцаагаад гаргах юм уу? Гааль, Сангийн яамныхан нефтийн үйлдвэр байгуулахын эсрэг ажиллаад байгаа юм уу? Сангийн яам, гаалийн газрынханд эрүүл ухаан байна уу?
УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалай: 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 82 дугаар тогтоолоор Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Эрдэнэс Монгол компанид шилжүүлсэн. Төслийг анх эхлэхэд урсгал зардлыг санхүүжүүлэхээр зээлийн шугам нээсэн. Нийтдээ 250 тэрбум төгрөгийн зээл авах эрхтэй байсан. Ковидтой холбоотойгоор төслийн үйл ажиллагаа тодорхой хугацаагаар саатаж, зээл эргэн төлөгдөх асуудал сөхөгдсөн. Тиймээс Эрдэнэс Монгол компанид хувьцаа эзэмшигчийн эрхийг шилжүүлж, төслийг цааш үргэлжлүүлэх урсгал зардлыг гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Гааль, татвартай холбоотой асуудлаар Сангийн яам дүрэм журамтай холбоотой хариулт өгч байгаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Хөгжлийн банкны зээл удааширч, энэ ажлыг гацааж байна. Хөгжлийн банкныхан хувийн компанид зээл өгөхдөө юун дүрэм журам, маш том давуу талууд бий болгоод зээлээ олгочихсон байдаг. Үндэсний эрх ашигт нийцсэн томоохон хөрөнгө оурулалт хийх гэхээр дүрэм журам яриад байдаг. Юу гэж ойлгох вэ? Юунаас болоод гацаад байна вэ?
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэг: Хөгжлийн банкны зээлийг 2018 оноос авч эхэлсэн цагаас хойш бид яриагүй газар байхгүй. Энэ компани 11.89 хувийн хүүтэй зээлээр дөрвөн жил ажилласан. 166 тэрбум төгрөгийн зээл аваад 2022 оны сүүлийн байдлаар хуримтлагдсан хүүгийн хэмжээ 64 тэрбум төгрөг болсон. Хүүг бууруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.
Өнгөрсөн 03 дугаар сард барьцаа хөрөнгийн хэмжээ хүрэхгүй гэсэн. Нүдэнд харагдах төмөр зам, хотхон, авто замыг нийлээд барьцаа хөрөнгийн хэмжээ хүрэхгүй байна гээд 2022 оны 10 дугаар сараас зээлийг зогсоосон. Тэгээд бид Эрдэнэс Монгол компаниас цалингаа авахын тулд 10.9 хувийн хүүтэй зээлээр урсгал зардлаа төлж байна.
Б.Хэрлэн