Туркийг 20 жил удирдсан Режеп Тайип Эрдоган ээлжит сонгуульд ялснаар дахин таван жил энэ улсыг удирдахаар болж байна. Ням гарагт болсон сонгуулийн хоёр дахь шатанд Эрдоган сөрөг хүчнээс нэр дэвшсэн Кемель Кылычдароглугаас хоёр сая гаруй илүү санал авчээ.
Хэдийгээр сонгуулийн санал хураалтын үеэр ноцтой зөрчил гараагүй ч сөрөг хүчин энэ сонгуулийг чөлөөт сонгууль болсон гэж үзэхгүй байгаа бөгөөд учир нь Туркэд сонгуулийн хороо, шүүх нь ерөнхийлөгчийн хараанд байдаг, үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал, нэр цуутай сөрөг хүчнийхэн шоронд орсон, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээсэн байгаа гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.
Эрх чөлөө хумигдсан, энэ онд болсон хөнөөлт газар хөдлөлтийн үеэр илэрсэн төрийн удирдлагын бүтэлгүйтэл зэргээс үүдэж сонгогчид өөрчлөлт хүсэн, Эрдоганд санал өгөхгүй гэж сөрөг хүчнийхэн найдаж байв. Гэсэн ч ардчилсан, Европ руу чиглэсэн Туркийг хүсэмжилж буй хотын оршин суугчид биш харин нийгмийн амьдралыг исламжуулах явц, авторитаризм, цэргийн хүч, дэлхий дахин дахь нөлөөллийг бэхжүүлэх чиглэл дэх Эрдоганы консерватив бодлогыг дэмждэг орон нутгийн сонгогчид Режеп Тайип Эрдоганы ээлжит ялалтад жинтэй хувь нэмэр үзүүлжээ.
Эрдоганы эрин буюу түүний удирдсан 20 жилд Турк хэрхэн өөрчлөгдөв
Режеп Тайип Эрдоган Туркийг 20 жил удирдаж байна. Энэ хугацаанд тэрбээр шинэчлэгч ерөнхий сайдаас эхлээд автократ ерөнхийлөгч болох хүртэлх замыг туулж, Туркийг Европын захын чинээлэг бус арчдилсан орноос исламын гүрэн болгон хувиргасан юм.
Ардчиллаас автократ руу
Эрдоган 2003 онд Ерөнхий сайд болсон даруйдаа л парламентын бүгд найрамдах улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болгох хөрс суурийг бэлдэж эхэлсэн юм. Ингээд 2010 онд санасандаа хүрч, Ерөнхийлөгчийг парламент биш харин ард түмэн сонгодог болж, улмаар 2014 онд ерөнхий сайдын гурав дахь ээлжит хугацаа дууссаны дараа тэрбээр Ерөнхийлөгч болов.
Анхлаад Ерөнхийлөгчийн алба бэлгэдэл төдий шахам байсан ч Эрдоган засгийн газрын үйл хэрэгт оролцсоор байлаа. Харин 2017 онд тэрбээр шинээр олон нийтийн санал асуулга явуулсан юм. Ингээд Ерөнхий сайдын албан тушаалыг халж, харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ихээхэн өргөжүүлэв. Жилийн дараа Эрдоган дахин сонгогдож, Туркийн цорын ганц удирдагч боллоо.
Парламентын ардчиллын систем нуран унаж, Турк улс автократ дэглэмтэй болов. Ерөнхийлөгч нь засгийн газар, сонгуулийн хороо, шүүх, цагдаа, армийг хяналтдаа байлгадаг болсон юм.
Амьдрал сайжирсан ч дараа нь эргээд муудав
Эрдоган удирдаж байсан 20 жилийн хугацаанд Турк болон энэ улсын хүн амын баялаг ихээхэн өссөн юм. Эхний 10 жилд эдийн засгийн өсөлт жилд найман хувь хүрч, харин хүн амд ногдох үндэсний баялгийн үзүүлэлт бараг гурав дахин өсөв. Тодруулбал, 2003 онд энэ үзүүлэлт 4,7 мянган доллар байсан бол 2013 онд 12,5 мянган доллар болж нэмэгджээ.
Энэ бүхэн нь либераль эдийн засгийн бодлого болон Европт нэгдэх явцын ачаар өрнөсөн юм. Гадаадын иргэд Турк рүү хөрөнгө оруулалт хийж, харин Эрдоган төсвийн мөнгийг томоохон дэд бүтцийн төслүүдэд харамгүй зорилуж байв.
Гэвч хоёр лахин арван. жилд өсөлт хоёр дахин саарч, нэг хүн амд ноогдох ДНБ -ий өсөлт буурч, 2001 оноос хойш бүртгэгдэж байгаагүй их үзүүлэлтээр буюу 60 гаруй хувиар үнэ өсөв. Үндэсний валют хэдэнтээ девальвацийг давлаа.
Эрдоганы шийдэмгий эдийн засгийн туршилтын үр дагаврыг ард түмэн амсаж байв. Бүхий л институтүүдийг захирч байсан Ерөнхийлөгч Төв банкны зээлийн бодлогод ч оролцох боллоо. Ингэснээр хямрал нүүрлэж, амьдралын түвшин унав.
Гэлээ ч Эрдоган 20 жилийн хугацаанд эдийн засгаа хөгжүүлсний үр дүн ихээхэн нааштай гэж шинжээчид онцолдог. Ард иргэдийнх нь амьдрал сайжирч, эдийн засгийн гол салбарууд болох эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр, аж үйлдвэр эрчимтэй, тогтвортой хөгжсөөр иржээ.
Дэлхийн тавцан дахь нөлөөллөө хүчирхэгжүүлэв
Хорин жилийн өмнө Турк улс нам жимхэн амьдарч, харин Ойрх Дорнодод Ирак руу халдаж байсан АНУ гол үүргийг гүйцэтгэж байлаа. Харин Арабын хавар, Сирийн дайн өрнөсөн хорин жилийн дараа АНУ Ойрх Дорнодыг бараг л орхиж, харин Эрдоган Туркийг Иран, Орос, Персийн булангийн орнуудын зэрэгцээ бүс нутгийн голлох тоглогчдын нэг болгохын тулд энэ нөхцөл байдлыг ашиглажээ.
Исламын ертөнц дэх нөлөөллөө нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр Эрдоган Туркийг Европын орлуулашгүй түнш болгон хувиргав. Тэрбээр Сири улсаас Европын холбоо руу зорьсон дүрвэгчдийн урсгалыг хааж, Европын холбооноос олон тэрбум евро аван сиричүүдийг Туркэд байршуулсан юм. Харин өнгөрсөн онд Украин болон Оросын хоорондын үр тарианы хэлэлцээрт гол зуучлагчаар оролцов.
Турк улс бүхий л оронтой худалдааны харилцаатай. Оросоос түлш худалдан авч, Украинд дрон зардаг гээд "дээшээ ч тал алдахгүй, доошоо ч тал алдахгүй" байх чадвар нь Эрдоган эдийн засгаа хэвийн авч явахад нь тусалдаг гэж шинжээчид онцолдог юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |