Шведийн алдарт АВВА хамтлагийнхан 2024 онд эх оронд нь зохион байгуулагдах "Eurovision" урлагийн наадамд оролцох төлөвлөгөөгүй хэмээн мэдэгджээ. Энэ талаар NBC дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шведэд болох энэ удаагийн наадмыг АВВА хамтлаг энэ тэмцээнд орж, ялалт байгуулсны 50 жилийн ойд зориулж байгаа хэдий ч хамтлагийн гишүүд болох Бьорн Ульвеус, Бенни Андерссон нар тэмцээнд орохоос татгалзсан байна.
Андерсены өгүүлснээр хамтлагийнхан "яасан ч байсан" тайзнаа гарахгүй, тэр бүү хэл тэмцээн дээр ч очихгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. "Би хүсэхгүй байна. Би хүсэхгүй бол бусад нь ч мөн адил. Бид дөрвийн хувьд бүгд л ижил бодолтой. Хэн нэгэн нь "үгүй" л гэсэн бол үгүй" хэмээн Андерсон өгүүлжээ. Харин Ульвеус "Бид АВВА-ийн ялалтын 50 жилийг тайзан дээр гаралгүй тэмдэглэнэ" хэмээсэн байна.
Энд дуулгахад АВВА хамтлаг 1974 онд Eurovision наадамд Waterloo дуугаараа оролцон, ялалт байгуулж, дэлхий дахинаа алдаршсан юм.
Г.Бямбасүрэн