Гуанси-Жуаны өөртөө засах орны Наньнин хотын дарга, хотын зөвлөлийн орлогч нарийн бичгийн дарга зогсоолын төлбөр өндөр байгаагийн төлөө хотын оршин суугчдаас уучлалт гуйжээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Наньнин хотод 47 мянган зөвшөөрөлтэй зогсоол байдгийн гуравны нэг нь л төлбөргүй аж. Үлдсэн нь Nanning Huibo компанийн мэдэлд байдаг бөгөөд сүүлийн үед хотын оршин суугчид зогсоолын төлбөр хэт өндөр байгаа гэсэн гомдол мэдүүлэх болжээ.
Өмнөх журмаар, зогсоолд машинаа тавьсан эхний 15 минут төлбөргүй, үүнээс цааш цаг тутамд төлбөр геометрийн прогрессоор өсөх аж. Өөрөөр хэлбэл, офисын нэг ажилтан өдөрт машинаа зогсоолд байрлуулахад 100 юань буюу монгол мөнгөөр 50 мянга гаруй төгрөгийн төлбөр төлөх ёстой гэнэ. Гэтэл энэ төлбөрийг дундаж цалинтай харьцуулахад хэт өндөр бөгөөд Наньнин хотын оршин суугчдын жилийн дундаж цалин 98 мянган юань юм байна. Ийнхүү иргэд зогсоолын төлбөр өндөр байгааг шүүмжлэн гомдол мэдүүлсний дараа хотын дарга уучлалт гуйжээ.
"Хотын захиргаа ажлаа зохих ёсоор хийгээгүйн улмаас иргэн бүрийн ажил, амьдралд таагүй асуудал, хүндрэл учрууллаа. Үүнд би ихээхэн санаа зовниж, уучлалт гуйж байна" хэмээн хотын дарга Хоу Ган мэдэгджээ. Ингээд зогсоолын төлбөрийн системд өөрчлөлт оруулахаа амлаж, жолооч нараас санал асууж эхэлжээ.
Одоогоор үнэгүй зогсох хугацааг 30 минут болгон нэмж, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн орчимд төлбөргүй зогсоол олноор гаргах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн зогсоол эзэмшдэг хувийн компанитай хийсэн гэрээг цуцалж, энэ хэрэгтэй холбоотой таван албан тушаалтныг ажлаас нь халжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |