Энэ оны хоёрдугаар сард Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амиа алдаж, барилга байшин сүйрч, энэ улс ихээхэн хохирол амссан юм. Одоо газар хөдлөлтийн бүсийн оршин суугчдын ихэнх нь хуаран, түр орогнох сууцанд амьдарч байгаа аж. Байгалийн гамшгаас үүдэлтэй энэхүү зовлон бэрхшээлд учирсан иргэдэд тусламж болгох үүднээс Туркийн засгийн газар нэгэн шийдвэр гаргажээ.
Тодруулбал, хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас орон гэр нь их болон дунд зэргээр эвдэрсэн оршин суугчдын байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний өрийг цайруулсан байна. Энэ тухай тогтоолыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гаргажээ.
Ингэснээр, газар хөдлөлт болохоос өмнөх буюу хоёрдугаар сарын зургаан хүртэлх хугацаанд хуримтлагдсан иргэдийн өрийг цайруулсан байна. Энэ шийдвэр Кахраманмараш, Хатай, Газиантеп, Османийе, Малатья, Адыяман, Адана, Диярбакыр, Килис, Шанлыурфа мужуудад хамаарах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |