Голландын оршин суугч Герт-Ян Оскам 12 жилийн өмнө унадаг дугуйтай явж байгаад осолдож, хүнд гэмтэл аван саажилттай болжээ. Харин тархины имплантын шинэ технологийн ачаар амьдрал нь үндсээрээ өөрчлөгдсөн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, утасгүй дамжуулагчтай электрон имплантыг Оскамын нугасанд суулгасан бөгөөд эдгээр имплант нь түүний хөлийг алхуулах дохио өгдөг гэнэ. Энэ систем туршилтын шатанд байгаа ч ихээхэн үр дүнд хүргэх туршилт гэж судлаачид онцолжээ.
Имплант суулгуулсан Оскам одоо өөрөө явж байгаа төдийгүй шатаар ч алхаж чаддаг болсон гэнэ.
"Дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг л байна. Маш урт удаан замыг тууллаа. Харин одоо хөл дээрээ зогсож, найзуудтайгаа ч шар айраг ууж чадаж байна. Энэ нь эрүүл хүмүүсийн төсөөлж ч чадахгүй аз жаргал" хэмээн Оскам ВВС агентлагт ярьжээ.
Шинэ технологийг Швейцарын судлаачид бүтээсэн байна. Харин имплантуудыг суулгах нарийн мэс ажилбарыг Лозаннагийн их сургуулийн мэдрэлийн мэс засалч, профессор Жоселин Блох хийжээ.
Профессорын өгүүлснээр, энэ бүх систем нь боловсруулалтын анхан шатандаа байгаа, гүйцэт боловсруулж, саажилттай хүмүүст өргөнөөр ашигладаг болоход дахин олон жил шаардлагатай гэнэ. Гэхдээ эрдэмтэд энэ хугацааг богиносгохын тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа аж.
"Бидний хувьд зүгээр ч нэг шинжлэх ухааны туршилт хийгээд зогсохгүй цаашид хэзээ ч алхаж явж чадахгүй гэсэн таагүй үгсийг эмч нараас сонсоод хэдийнэ дасчихсан, нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийг энэ технологийн ачаар эмчлэн, хөл дээр нь босгох нь чухал" хэмээн Жоселин Блох ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Голландын оршин суугч Герт-Ян Оскамд 2021 оны долдугаар сард мэс ажилбар хийжээ. Профессор Блох өвчтөний хөдөлгөөнийг хянах хэсгийг хариуцдаг тархины хэсэгт гавлын ясных нь хоёр талд таван сантиметр диаметртэй хоёр нүх гаргасан байна. Энэ хоёр нүхэнд өвчтөний тархины дохиог дамжуулдаг диск хэлбэртэй хоёр имплантыг суулгасан бөгөөд энэ хоёр имплант нь өвчтөн толгойндоо өмсөх тусгай дуулганд бэхлэгдсэн хоёр мэдрэгчид холбогдох аж. Харин нугасан дахь хоёр дахь имдплант тархины дохиог хөлийн булчинд дохио болгон хувиргах алгоритмыг Швейцарын эрдэмтэд боловсруулжээ.
Ингээд шинэ технологийг туршсан Оскам хэдэн долоо хоног бэлтгэл хийсний эцэст хөл дээрээ зогсохоор үл барам алхуулагчийн тусламжтайгаар хөдөлж чаддаг болсон гэнэ. Шинжлэх ухааны энэхүү төслийн удирдагч, Лозаннагийн Политехникийн холбооны сургуулийн профессор Грегуар Куртиний өгүүлснээр, саажсан эрийн хөдөлгөөн удаан хэдий ч жигд байгаа аж.
"Тэр өөрөө хөдөлж байгааг харахад үнэхээр сэтгэл хөдлөм. Өмнөх үетэй харьцуулахад энэ бол маш том алхам" гэж эрдэмтэн өгүүлжээ.
Энэхүү шинэ имплант нь профессор Куртиний өмнөх эрдэм шинжилгээний бүтээл дээр тулгуурласан байна. Өмнөх технологи нь гагцхүү нурууны нугасанд зориулсан, хөдөлгөөн сэргээх зорилготой байсан гэнэ.
Оскам бол нугасандаа имплант суулгуулсан анхны өвчтөн биш. Өмнө нь 2018 онд ийм мэс ажилбарыг Дэвид Мзейд хийсэн бөгөөд энэ хагалгаа амжилттай болж, удалгүй тэрбээр хүүгийн аав болжээ. Үүний дараа, мотоциклийн ослын улмаас хоёр хөл нь бүрэн мэдээгүй болсон Мишель Рокаттид ийм мэс ажилбар хийж, тэрээр Швейцарын технологийн ачаар дахин явж сурсан гэнэ.
Цаашлаад эрдэмтэд төхөөрөмжөө хэлбэр дүрсийнх нь хувьд багасгахаар зорьж байгаа аж. Одоо Куртин профессорын байгуулсан Onward Medical компани энэ технологийг хүмүүс өдөр тутамдаа ашиглаж болохуйц болгохын тулд төхөөрөмжийг сайжруулах ажлыг хийж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |