Японд хүүхдүүдэд 18 нас хүртэл нь сар бүр олгох тэтгэмжийг нэмэх асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ. Энэ талаар засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Nippon.com мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 18 нас хүртэл нь сар бүр олгох 10 мянган йений тэтгэмжийн хөтөлбөрийг өргөжүүлэх талаар хэлэлцэж байгаа гэнэ. Японд төрөлт буурсан тул төрөлтийг нэмэх зорилгоор айлын гурав дахь хүүхдээс эхлэн тэтгэмжийн мөнгийг 30 мянган йен болгохоор төлөвлөж байгаа аж.
Энэ нь Ерөнхий сайд Фумио Кишидагийн баримталж буй, цаашид төрөлт буурах үзэгдлийг зогсооход чиглэгдсэн гол бодлого бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн гурван жилийн туршид эрчимтэй хэрэгжих багц арга хэмжээний нэг хэсэг болж байгаа гэнэ.
2022 онд Японд мэндэлсэн нийт хүүхдийн тоо тус улсад ажиглалт хийсэн түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт болж байв. Төрөлт буурч байгаа нь хурцадмал асуудал, ойрын жилүүдэд Японд ажиллах хүч, татвар төлөгч буурна гэж эрх баригчид нь санаа зовниж байгаа тул төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд 10,7 тэрбум долларыг эдийн засгийн дэмжлэг болгон зарцуулах бөгөөд энэ мөнгийг хүүхдийн тэтгэмж, боловсролын системийн хүртээмж, ажил хийдэг эцэг эхчүүдийг дэмжих хөтөлбөрт зарцуулах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |