"Рок-н-роллын хатан хаан" гэж хүлээн зөвшөөрөгддөг Тина Тернер удаан өвдсөний эцэст 83 насандаа таалал төгссөн гэж түүний төлөөлөгч нь мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тина Тернер сүүлийн жилүүдэд хүнд өвдөж, зүрхний шигдээс, хавдар, бөөрний дутагдал гэсэн өвчнөө даван туулахаар тэмцэж байсан аж. Түүнийг таалал төгссөний дараа Инстаграм дахь албан ёсны хуудсанд нь энэ эмгэнэлт мэдээллийг байршуулжээ.
"Дуу хөгжим, амьдрах цуцашгүй хүслээрээ тэр дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчээ байлдан дагуулж, ирээдүйн оддод урам зориг өгч байлаа. Өнөөдөр бид аугаа их бэлэг болох уран бүтээлээ бидэнд өвлүүлэн үлдээсэн эрхэм нөхөртэйгээ салах ёс гүйцэтгэж байна" хэмээн Тина Тернерийн Инстаграм хуудсанд бичжээ.
Тина Тернерийн уран бүтээлийн амжилтын замнал 1960-аад оноос эхтэй. Тэрээр 1972 онд анхны Грэмми шагналаа анхны тайзны хамтрагч, нөхөр Айктай хамтран дуулсан дуугаараа хүртэж байв. Тина Тернер уран бүтээлээ туурвих хугацаандаа Грэмми шагналыг найман удаа хүртэж, "Рок-н-роллын алдрын танхимд" хоёронтаа багтаж байв. Эхний удаад 1991 онд Айктай хамт, харин 2021 онд гоцлол дуучин гэдгээрээ энэ алдрын танхимд бичигдэж байжээ.
Хагас зуунаар үргэлжилсэн алдрын замнал
Тина, Айк нар 1978 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Айк Тернерийн хэцүү зан авирыг Тина цаашид тэсвэрлэх аргагүй болсон тул түүнээс салсан гэж ойр тойрныхон нь ярьж байв. Тухайн үед тайзны төдийгүй амьдралын хань болсон Айк Тернерээс салсны дараа, 1970-аад онд Америкийн тайзан дээр өнгөт арьст дуучин бүсгүй ганцаараа амжилтад хүрнэ гэж хэн ч итгэж байсангүй.
Гэвч түүний хүчирхэг хоолой, өвөрмөц хөдөлгөөн түүнийг рок-н-роллын хатан хаан гэж хүлээн зөвшөөрүүлсэн юм. 1984 онд бичүүлсэн What's Love Got to Do With It сингл Тина Тернерийн гол хит дуу байгаад зогсохгүй дэлхийн дуу хөгжмийн өвийн нэг хэсэг болсон гэж шүүмжлэгчид үздэг.
Бусдаас нуусан нулимс
Тина Тернер тайзнаа од болон гялалзаж байсан ч хөшигний цаана юу болж байгааг шүтэн бишрэгчид нь төдийлөн мэддэггүй байв. Тинагийн нөхөр, хамтран зүтгэгч Айк архи ууж, хар тамхи хэрэглэж, эхнэрээ араар нь тавьж, удалгүй Тинаг зодох болсон гэдэг.
Айк тайзнаа хамтдаа бүтээсэн дүр төрхдөө ч хүндэтгэлгүй ханддаг байсан гэх. Тухайлбал, Тина төрөх эмнэлэгт байх үед Айк тоглолтоо таслахгүйн тулд өөрийн амраглаж байсан, хөнгөн явдалт бүсгүйтэй хамт тайзнаа гарч байсан аж. Нөхрийнхөө ааш авирыг тэсэхээ больсон Тина хамтлагаасаа гарахаар шийдэхэд нөхөр нь түүнийг гутал сунгадаг модон хэвээр зодож байсан гэдэг.
Тина Тернер гэр бүлийн хүчирхийллийг цааш тэвчиж чадалгүй 1968 онд амиа хорлох гэж оролдсон талаараа дурдатгал номондоо бичсэн байв. Гэсэн ч эцэстээ тэр Айктай дахин хэдэн жил амьдарчээ. Ингээд 1976 онд Даллас хотын зочид буудлын өрөөнд болсон, нөхрийнх нь ээлжит хүчирхийллийн дараа Тина Тернер халаасандаа хэдхэн зоостойгоор түүнийг орхин явав. Гэрлэлт цуцлуулах олон шүүх хурлын дараа 10 гаруй жил хамтдаа бүтээж, олсон бүхнээс Тинад ердөө хоёр машин, тайзны нэр нь л үлджээ.
Гэрлэлтээ цуцлуулсны дараа 40 хүрч байсан Тина өөртөө төдийлөн итгэлгүй байв. Тэр өмнө нь ганцаараа, гоцлон дуулж байсангүй. Гэхдээ л ухарч няцна гэдэг түүний зан биш. Тина Тернер хэд хэдэн цомог бичүүлж, Кен Расселийн The Who кинонд Хүчлийн хатан хааны дүрд тоглосон юм. Гэсэн ч түүний цомгийн борлуулалт сайнгүй, танхим дүүрэхгүй байв. Гэтэл рок оддын хувьд бараг л тэтгэврийн насанд тооцогддог 40 насны босго давчих гээд байдаг. 1970-аад оны рокын ертөнц залуу, эрч хүчтэй хүмүүсийн талбар байв. Тиймээс Тина нэр алдраа эргүүлэн олно гэдэг олон хүний хувьд бүтэшгүй санаа байлаа. Гэсэн ч Тинагийн зан чанар, тууштай байдал ямар ч саадыг давж чадна гэдгийг энэ удаад ч баталж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |