Хятадын сүүлчийн эзэн хаан, Айсингиоро Пүигийн эдлэж хэрэглэж байсан цагийг дуудлага худалдаагаар таван сая ам.доллараар заржээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Чин гүрний сүүлчийн эзэн хаан Айсингиоро Пүи зүүж байсан, 1937 онд үйлдвэрлэгдсэн цагийг тавдугаар сарын 23-нд Хонконгт болсон дуудлага худалдаагаар 40 сая хонконг доллар (ам.долларт шилжүүлвэл 5,1 сая) -аар заржээ. Patek Philippe-ийн энэ ховор цагийг Азийн нэгэн худалдан авагч нэрээ нууцлан, үнэ цохиж авсан гэнэ. Сүүлчийн эзэн хааны зүүж байсан цагаан алтан цаг нь 96 Quantieme Lune загварын найман цагны нэг аж.
Энд дуулгахад, Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдсаны дараа Пүи Зөвлөлтийн Улаан армид олзлогдсон байна. Тэрээр Хабаровск хотод байх олзны цэргүүдийн лагерьт таван жилийг өнгөрүүлжээ. Түүнийг Хятад рүү шилжүүлэхээс өмнө, ЗХУ-д байх сүүлчийн өдрөө Пүи цагаа орчуулагч Георгий Пермяковд бэлэглэсэн гэнэ. Пермяков энэ цагийг 2005 онд нас барах хүртлээ хадгалж, түүнийг бие барсны дараа өв залгамжлагчид нь хадгалж байгаад 2019 онд Филипс компанид заржээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |