АНУ-ын Монтана мужийн захирагч Грег Жанфорте тус мужид ТикТок сүлжээ ашиглахыг хориглосон хуульд гарын үсэг зурснаар энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс үйлчилж эхлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Монтана ТикТокийг албан ёсоор хориглосон АНУ-ын анхны муж боллоо
Хятадын ТикТок сүлжээг хориглосон энэхүү шийдвэрийг эсэргүүцэн ТикТок Монтана мужийн эсрэг шүүхэд зарга мэдүүлжээ. Ирэх оноос хэрэгжиж эхлэх энэ хориг нь Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлтэд заасан компани болон хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байна гэж үзсэн ТикТок компани тавдугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлдээ "ТикТок хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадын засгийн газарт дамжуулж байгаагүй, цаашид ч дамжуулахгүй" хэмээн онцолсон байна.
ТикТок сүлжээ Монтана мужид 200 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй аж. Монтана муж иргэдийнхээ хувийн мэдээллийг Хятадын эрх баригчдад алдахгүй гэсэн зорилгоор ТикТок сүлжээг мужийн нутаг дэвсгэр дээр ашиглахыг хориглосон шийдвэрийг өмнө нь тус мужийн таван оршин суугч мөн эсэргүүцэн шүүхэд зарга мэдүүлсэн юм.
Г.Бямбасүрэн