ОХУ-ын Төрийн дум хугацаат цэргийн албанд татагдсан хүмүүсийн гадаад паспортыг хурааж, цагдаагийн цагаачлалын хэлтэст хадгалуулах талаар заасан хуулийг эцэслэн баталжээ. Энэ нь "Оросын Холбооны Улсаас гарах, Оросын Холбооны Улс руу нэвтрэх журмын тухай" хуулийн нэмэлт заалт болон орж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.
Өөрчлөлтөд тусгаснаар, цэргийн албанд татагдсан эсвэл дүйцүүлэх иргэний албанд томилогдсон иргэд Дотоод хэргийн яамны цагаачлалын асуудал эрхэлсэн хэлтэст гадаад паспортаа хүлээлгэн өгөх ёстой аж. Улмаар цэргийн албаа хаасныхаа дараа паспортаа авах юм байна. Энэ журам 18-27 насныханд үйлчлэх бөгөөд 2024 оноос эхлэн насны хязгаарыг 30 хүртэл нэмэх гэнэ.
Үүнээс өмнө, цэргийн зарлан дуудах хуудас гардан авсан иргэд Оросоос гарахыг хориглосон хууль баталж байлаа. Цэргийн зарлан дуудах хуудсыг хүлээлгэн өгөх журамд ч өөрчлөлт оруулсан бөгөөд шинэ хуулиар цэргийн зарлан дуудах хуудсыг цахимаар ч илгээх боломжтой болж, тухайн иргэн цахимаар мэдэгдэл ирсэн эсэхийг шалгаснаас үл хамааран цэргийн зарлан дуудах хуудсыг гардуулан өгсөн гэж тооцохоор болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |