Италид өнгөрсөн долоо хоногоос эхлээд аадар бороо орж, олон бүс нутаг үерийн гамшигт өртсөн юм. Хот суурин, хөдөө аж ахуй, тариалангийн талбай усанд автаж, зам эвдэрч ихээхэн хохирол дагуулж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Тэр дундаа Эмилия-Романья муж үерийн гамшигт илүүтэй өртсөн бөгөөд гамшгийн хор уршгийг, арилгах, байгалийн гамшигт хохирсон хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор Италийн эрх баригчид 300 сая евро гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэ мөнгийг олон эх үүсвэрээс, тэр дундаа мафиудаас хураасан өндөр үнэтэй автомашинуудыг зарж борлуулсан орлогоос бүрдүүлэхээр төлөвлөж байгаа талаар NBC мэдээлжээ.
Үерийн гамшигт нэрвэгдэгсдэд туслахын тулд Италийн эрх баригчид олон санал гаргаж байгаагийн дотор Аж үйлдвэрийн сайд Адольфо Урсо тусгай цуврал марк гаргахыг санал болгосон бол Сангийн дэд сайд Маурицио Лео гэмт хэрэгтнүүдийн нэр дээр байдаг спорт машинуудыг зарж борлуулснаас олсон орлогыг тусламж болгон өгөх санал гаргажээ.
Эргэн сануулахад, Эмилия-Романьяд өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар бороо орж, гурван өдрийн хугацаанд орсон тунаадс хагас жилийн нормыг давжээ. Хур тунадас ихээр орсны улмаас 20 гаруй гол эргээсаа хальж, 14 хүн амиа алдан, 37 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хамгийн их хохирлыг хөдөө аж ахуйн салбар амссан бөгөөд 400 мянган тонн үр тариа усанд автжээ. Сүүлийн үеийн мэдээллээр, хохирлын хэмжээг зургаан тэрбум евро гэж үнэлж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |