Боловсролын зээлийн сан "дэлбэрч", дээдэс айдастай, доодос ууртай байна. УИХ, Засгийн газры гишүүдээсээ эхлээд үр хүүхэд, өрөөл бусдадаа зээл авч, эргэн төлөөгүй нь өнөөдрийн бухимдлын гол шалтгаан болов.
Энэ асуудлыг анх дэлгэсэн хэмээн өөртөө нэмэх оноо авахыг хүссэн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан гал дээр тос нэмж орхисон. Тэрбээр хэвлэлийн хурлыг үеэр "БЗС-д ажиллаж байсан хоёр хүн өс хонзон тооцож байгаа юм уу, санаатайгаар бүх юмыг сэвж байгаа. О.Сийлэгмаа гарахдаа БЗС-ийн мэдээллийг хард дискэнд хуулж аваад, компьютерээс устгасан. Түүнийг цагдаад өгсөн ч хэрэгсэхгүй болгосон" гэх мэдээллийг өгсөн.
Түүний мэдээллийн араас БЗС-д ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сийлэгмаа хэвлэлд ярилцлага өгч, хариуцлагатай албан тушаалтай Л.Энх-Амгалан сайд худал мэдээлэл хийж байгааг гайхаж, харамсаж буйгаа илэрхийлэн, сайдад бодит мэдээлэл өгч байснаа хэлээд, цөөнгүй баримтыг ил болгосон.
Тэгвэл Л.Энх-Амгалан сайд О.Сийлэгмаагаас уучлалт гуйсан тухайгаа твиттер хуудсанаа бичжээ. Тэрбээр "О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйсан" гэжээ.
Мөн салбарын сайд О.Сийлэгмааг өмнө ажиллаж байсан Албаны даргын албан тушаалд нь буцааж томилох үүргийг өгчээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |