"Газрын ховор эрдсийн нийлүүлэлт болон Украины эсрэг өдүүлсэн Оросын дайн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монголд хийсэн түүхэн айлчлалын гол сэдэв байв. Гэхдээ уулзалтын явцад гарын үсэг зурсан хамтарсан тунхаглалд Франц улс цөмийн рекаторууддаа зориулж ураны эх үүсвэр олох оролдлогыг онцолсон байсан юм" гэж манай улсад хийсэн Макроны айлчлалын талаар Францын Олон улсын радио онцолжээ. Францын радиогийн нийтлэсэн, Макроны айлчлал, Монголын ураны талаарх мэдээллийг орчуулан хүргэж байна.
Франц улс Баруун Африкт олборлодог уранаас ихээхэн хамааралтай байдаг. Гэвч энэ бүс нутаг дахь нийгэм, улс төрийн хямралаас шалтгаалж ураны нийлүүлэлтийн хэлхээ тасалдах аюултай байгаа юм. Айлчлалын дүнгээр гаргасан, 18 заалт бүхий хамтарсан мэдэгдэлд "улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх"-ийг тунхагласны дээр хоёр тал эрчим хүчний салбарт ч хамтран ажиллана гэж тусгажээ.
Энэ тунхаглалын 12 дугаар зүйлд, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд "Зөөч овооны хамтарсан төсөл"-д хөрөнгө оруулалт хийх хэлэлцээрийг түргэсгэх, ирэх намар гэхэд энэ төслийг бэлэн болгох талаар тусгасан байна. Тэр дундаа, Францын Орано групп (өмнө нь Арева нэртэй байсан) болон Монголын Монатом компани удирддаг Бадрах Энержи компанийн уран олборлолтын төслийг ч дурджээ.
Одоогийн байдлаар Францанд 56 рекатортай 18 атомын цахилгаан станц бий. Ойрын жилүүдэд энэ тоо улам өснө, энэ хэрээр ураны хэрэгцээ ч өсөх юм. Малтмал түлшнээс гарах хаягдлыг бууруулах, гадаадын эрчим хүчнээс хамаарах байдлыг багасгахын тулд Макрон 2022 оны хоёрдугаар сард мэдэгдэл хийхдээ Франц улс ирэх 28 жилийн туршид 14 шинэ цөмийн реактор байгуулахын тулд 51,7 тэрбум евро зарцуулна гэж мэдэгдэж байлаа. Орос Украин руу түрэмгийлж, үүнээс үүдэн цахилгаан эрчим хүчний хангамжид хүндрэлтэй асуудал тулгарснаар шинэ реактор барих шаардлага улам бүр нэмэгдсэн юм.
Франц ба уран
Францын засгийн газраас гаргасан мэдээлэлд өгүүлснээр, эрчим хүчний хэрэглээний 40 хувийг цөмийн эрчим хүч хангаж, 28,1 хувь нь бензин% 15,8 хувь нь байгалийн хий харин 12,9 хувь нь салхи, усан цахилгаан станц зэрэг альтернатив эх үүсвэрт оногдож байна.
Францын цахилгаан эрчим хүчний EDF компанийн мэдээллээр, цахилгаан эрчим хүчний зах зээл дээрх цөмийн эрчим хүчний хувь бүр өндөр байгаа юм. Тодруулбал, Францад эрчим хүчний эх үүсвэрийн 70,6 хувийг атомын цахилгаан станц хангадаг аж.
Тиймдээ ч ойрын жилүүдэд Франц улс уранаас хамаарах байдал улам бүр өсөх хандлагатай байгаа юм. Connaissance des Énergies порталын мэдээлснээр, Франц улс цөмийн түлшний хэрэгцээгээ хангахад жилд 8000-9000 тонн уран шаардлагатай.
Энэ хэмжээний ураныг өөр орнуудаас авах шаардлагатай бөгөөд дэлхий дээр ураны нийт боловсруулалтын гуравны хоёр хувийг Казахстан /39,4%/, Канад /22%/, Австрали /10%/ хангаж байна. Бусад олборлогчлын тоонд Нигер, Намиби, Орос, Узбекистан, Монгол улс багтаж байгаа юм.
Эдгээр орнуудаас Нигерт Францын Орана групп томоохон ураны орд газарт үйл ажиллагаа явуулдаг. Гэвч энэ улсад үйл ажиллагаа явуулж буй Францын компани жихадуудын халдлага зэрэг байнгын аюул заналын дор үйл ажиллагаа явуулдаг аж. Франц улс 1971 оноос хойш Нигерт уран боловсруулах хоёр компани ажилуулж эхэлснээс ердөө ганц нь үлджээ. Энэ хоёр компанийн нэг болох Akouta (Cominak) компани орд газрын нөөц дууссаны улмаас 2021 оны гуравдугаар сард хаалгаа барьсан юм. Түүнчлэн энэ бүс нутаг дахь тогтворгүй байдлын улмаас Франц улс Нигерийн хөрш зэргэлдээ Буркина-Фасо болон Мали дахь уран олборлолтоо зогсоохоос аргагүй болсон байна.
Монголын гүйцэтгэх үүрэг
Урантай холбоотой Монгол, Францын хамтын ажиллагаа шинэлэг зүйл биш. Areva Mines компани 1997 оноос хойш Дорноговь аймагт хайгуул хийж байгаа юм. Дэлхийн цөмийн эрчим хүчний холбооны мэдээллээр, Зөөч Овоо орд газрын ураны нөөц 54 мянга гаруй аж.
2015 онд Франц, Монголын цөмийн хамтын ажиллагаа нэг алхам урагшилж, Бадрах Энержи компанийг байгуулсан бөгөөд Ораногийн охин компани Арева Монгол компани 66 хувийг, Эрдэнэс Монголын охин компани болох Монатом 34 хувийг эзэмших болсон юм.
Эрдэнэс Монгол компанийн мэдэгдэж байгаагаар, 22 жилийн туршид нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгдэж, 5,5 тэрбум еврогийн орлого олох аж. 2021 онд хийсэн олборлолтын хэлэлцээрээр 20 мянган тонн уран олборлох боломжтой гэж Орано мэдэгдэж байв.
Харин одоо Макрон ирэх намар гэхэд үйлдвэрлэлийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, түүхий эдээр дутагдсан Францын цөмийн реакторуудад ирэх дарамтыг бууруулахын тулд бичиг цаасны ажлыг хурдасгахаар найдаж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |