Украинтай хил залгаа, Оросын Белгород мужийн Грайворонск хотын тойргийн нутаг дэвсгэрт "Украины Зэвсэгт хүчний хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг" нэвтэрсэн гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков даваа гарагт мэдэгджээ. Үүнээс өмнө тус бүс нутагт тулаан өрнөж байгаа талаарх мэдээлэл гарч байв. Кремлийн мэдэгдсэнээр, Оросын Ерөнхийлөгч болсон үйл явдлын талаар мэдээлэл авсан гэнэ.
Оросын тал "Украины хорлон сүйтгэгчид нэвтэрсэн" гэж мэдэгдсэн бол Украины цэргийн тагнуулын газар үүнийг үгүйсгэж, Оросын иргэдээс бүрдсэн, "аюулгүйн зурвас байгуулах" зорилготой дотоодын босогчид үйл ажиллагаа явуулж байна гэж мэдэгджээ. Грайворон хилийн боомтын бүсэд танк, артиллери ашиглан байлдааны үйл ажиллагаа явуулж байгаа гэх дүрс бичлэг, мэдээллийг Украины хэвлэлүүд цацсан байна. Түүнчлэн хэргийн газарт авсан гэх нэг танк дүрслэгдсэн дүрс бичлэг цахим ертөнцөөр тархжээ. Эдгээр дүрс бичлэг нь үнэн бодит эсэх нь одоогоор батлагдаагүй байгаа юм.
Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ тулааны талаар дурдаагүй, харин орон нутгийн эрх баригчид "хорлон сүйтгэгчид" тасралтгүй буудаж байгаа талаар мэдэгдсэн байна. Даваа гарагийн 09.00 цагаас эхлээд л Грайворонск хотын тойрог "Украины Зэвсэгт хүчний суман дунд байна" гэж Белгород мужийн захирагч мэдэгджээ.
Онц дэглэм тогтоов
Оросын Батлан хамгаалах яам, Холбооны аюулгүй байдлын алба болон хилчид "Белгород мужид Украины хорлон сүйтгэх бүлэглэл нэвтэрсэн" талаар Путинд илтгэсэн гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
"Оросын нутгаас тэднийг шахан гаргах, холрлон сүйтгэх бүлэглэлийг устгах ажиллагаа явагдаж байна" гэж Песков мэдэгдсэн байна.
Улмаар даваа гарагийн үдэш Белгород мужид алан хядах ажиллагааны эсрэг дэглэм тогтоосон талаар мужийн захирагч мэдэгдсэнийг Оросын хэвлэлүүд дамжуулжээ. Ийм онц дэглэм тогтоосноор мужийн эрх баригчид дараах эрхтэй болох юм. Үүнд:
- биеийн байцаалт шалгах
- утасны яриа чагнах, бусад төрлийн холбоо харилцаанд хяналт тавих
- машин болон иргэдэд үзлэг шалгалт хийх, тэднийг алан хядах ажиллагааны эсрэг дэглэм тогтоосон бүсээс гаргах
- иргэдийн машиныг ашиглах, тэдний орон гэрт нэвтрэх
- нийгмийн хэв журмыг хамгаалах ажлыг нэмэгдүүлэх
- хөл хорио тогтоох
- тэсрэх, радио идэвхит, химийн болон биологийн аюултай бодис ашигладаг аюултай үйлдвэр, байгууллаогын үйл ажиллагааг зогсоох
- холбоо харилцааг таслах
The Moscow Times сонины мэдээлснээр, Белгород мужид интернет, үүрэн холбоог тасалж эхэлсэн талаар орон нутгийнхан ярьсан байна. Одоогоор, Оросын талын тодорхойлсончлон "хорлон сүйтгэгчдийг устгах" ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тусгай ажиллагааны үеэр Грайворон хотын захиргааны орлогч дарга Анатолий Бляшенко болон Онцгой байдлын яамны хоёр ажилтан шархаджээ. Тэдний дээгүүр дрон нисэж, бөмбөг хаясан гэж ТАСС мэдээлсэн байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, нийтдээ 16 хүн шархадсанаас найм нь цэргийн алба хаагч, үлдсэн нь энгийн иргэн байгаа аж. Тэднийг эмнэлэгт хүргэн эмчилж байгаа гэнэ. Мөн Грайворонскоос оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа гэж орон нутгийн захиргаа мэдэгдсэн бол Оросын онцгой байдлын яам иргэдийг нүүлгэн шилжүүлээгүй гэж мэдэгджээ.
"Украиных биш харин Оросын босогчид"
Белгородод буун дуу гаргасан хүмүүсийг Оросын тал "Украины хорлон сүйтгэгчид" хэмээсэн бол Украины тал үүнийг үгүйсгэж, эдгээр хүмүүс нь Оросын босогчид гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тодруулбал, гуравдугаар сард Брянск мужид "бослого" гаргасан "Оросын эрх чөлөө" болон "Оросын сайн дурын корпус" гэсэн легионуудын дайчид Белгород мужид үйл ажиллагаа явуулж байна гэж Украины Зэвсэгт хүчний Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч Ан_дрей Юсов мэдэгдсэнийг "Суспільне" сонин дамжуулжээ.
Түүний өгүүлснээр, Оросын Холбооны Улсын иргэдээс бүрдэх дээрх хоёр бүлэглэл нь "Украины энгийн хүн амыг хамгаалахын тулд аюулгүй байдлын тодорхой зурвас" байгуулахын тулд Оросын хилээр нэвтэрсэн гэнэ.
Түүнчлэн, Оросын хэт баруунтнууд багтдаг "Оросын сайн дурын кордусРусский добровольческий корпус" дүрс бичлэг нийтлэн, Оросын нутаг дээр ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн байна. Энэ корпус өмнө нь Брянск мужид болсон хоёр ажиллагааны хариуцлагыг өөр дээрээ авч байв.
Белгородод болсон энэхүү үйл явдал нь Бахмутаас анхаарал холдуулах зорилготой гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна.
"Ийм хорлон сүйтгэх ажиллагааны зорилго нь Бахмутаас анхаарал холдуулах, Украины тал Бахмутыг алдсанаас үүдэх улс төрийн үр дагаврыг багасгах зорилготой гэдгийг бид сайтар мэдэж байна" хэмээн Дмитрий Песков мэдэгджээ.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, даваа гарагт Белгородод ажиллагаа явуулсан бүлэглэл нь 80 хүн, хоёр танк, хоёр хуягт тээвэрлэгчтэй аж. Тэд одоо Белгород мужийн Козинка суурингийн орчимд байрлаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |