ОХУ Бахмут хотыг бүрэн эзэлсэн тухайгаа тавдугаар сарын 20-ны өдөр зарласан. Олон сар үргэлжилсэн энэ тулаанд Орос улс 100 мянган хүнээ алдсан гэж Байден мэдэгджээ.
Японд болсон G7-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ Донецк мужийн Бахмут хотын төлөөх тулаанд Оросын тал 100 мянга орчим хүнээ алдсан хэмээжээ.
"Бахмутыг алдсан, алдаагүй гэсэн яриа явж байна. Орос улс Бахмутад 100 мянга орчим хүнээ алдсан гэдэг нь л үнэн. Энэ хохирлыг нөхөхөд хэцүү. Бахмут эзлэгдсэн үгүй нь чухал биш, тэртэй тэргүй энэ хот сүйрчихсэн" хэмээн Байден мэдэгджээ.
Өмнө нь АНУ болон НАТО Бахмутад амссан Орос, Украины талын хохирлын нарийвчилсан мэдээллийг зарлаж байгаагүй. Гуравдугаар сард CNN агентлаг НАТО-аас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Оросын цэргүүд Бахмут хотод Украинаас тав дахин их хохирол амссан гэж онцолж байв.
Украины Ерөнхий штабын мэдээлснээр, ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш Оросын 203 мянга гаруй цэргийн алба хаагч амиа алдсан байна. Оросын Батлан хамгаалах яам хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр хохирлынхоо талаар зарлаж байсан бөгөөд тухайн үед 5937 цэрэг амиа алдсан хэмээж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |