Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Бахмут хотыг эзлэх ажиллагаа дууссантай холбоотойгоор "Вагнер" хувийн цэргийн компани болон Оросын цэргийн алба хаагчдад баяр хүргэжээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын Батлан хамгаалах яам Бахмут хотыг хяналтдаа авсан гэж зарласан бол үүнээс өмнө "Вагнер"-ын эзэн Евгений Пригожин энэ талаар мэдэгдэж байлаа.
"Владимир Путин "Вагнер" хувийн цэргийн компанийн давшилтын отрядууд болон тэдэнд дэмжлэг үзүүлсэн ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдад Артемовскийг амжитлттай чөлөөлсөнд баяр хүргэж байна" хэмээн Кремлийн хэвлэлийн алба мэдэгджээ. Мөн энэ ажиллагаанд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнах гэнэ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Өмнөд цэргийн бүлэглэлийн артиллери болон нисэх хүчний дэмжлэгтэйгээр Вагнерын давшилтын отрядуудын дайралтын ачаар Артемовск /Бахмут/-ыг "чөлөөлсөн" аж. Евгений Пригожин мэдэгдэл хийхдээ, тавдугаар сарын 20-ны үд дунд дайчид нь энэ хотыг бүрэн эзэлсэн хэмээн онцолж байв. Харин Украины эрх баригчид Оросын тал Бахмутыг эзэлсэн гэх мэдээллийг няцааж байгаа бөгөөд тодорхой тооны аж үйлдвэр, дэд бүтцийн объектуудыг Украины цэргүүд хяналтдаа байлгаж байгаа гэж Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр тавдугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж байлаа.
Бахмутын төлөөх тулаан
Бахмут хот нь Украины Донецк мужид байх хот юм. Энэ хотын төлөөх тулаанд Евгений Пригожиний хувийн цэргийн компани идэвхийлэн оролцсон бөгөөд энэ нь Пригожин ашиг хонжоо хайсан далд хүсэлтэй нь холбоотой гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа.
Пригожин Бахмутын төлөөх тулалдаанд идэвхтэй оролцож байгаа нь Бахмут хотын бүс дэх давс болон гипсийн уурхайнуудад хяналт тогтоох эрмэлзэлтэй нь холбоотой гэж АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэж байв. Түүнчлэн мөн энэ бүс нутагт Европт хамгийн томд тооцогдох давсны орд газар байх бөгөөд Артемовск хэмээх энэ орд газар 179 кв.км талбайг эзлэн оршдог аж.
Бахмутыг эзлэх тулаанд аль аль тал төдийлөн дорвитой үр дүн гаргаагүй саяхныг хүрсэн. Энэ сарын эхээр гэхэд л Бахмутын төлөөх тулаанд оролцож байгаа Вагнер компанийн хөлсний цэргүүд зэр зэвсгийн хомстолд орсон тул хотоос ухрахаар болсон гэж Вагнер компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин мэдэгдэж байв. сэн байна.
"Бид сүүлчийн сумаа дуусгах хүртэл Бахмутад байна. Гэхдээ сум маш бага үлдсэн, нэг долоо хоног эсвэл хэдхэн өдөр л хүрэлцэх байх. Сумны хомстолыг шийдэхгүй бол бид эсвэл ухрана, эсвэл бүр тулаанаас гарна, эсвэл тэндээ үхэх байх. Ер нь л бид тэндээс цэргүүдийнхээ хэсгийг гаргахаас аргагүй болно" хэмээн Пригожин өгүүлж байлаа.
Түүнчлэн тэрбээр Бахмут дахь давшилтыг үргэлжлүүлэх нь зүйтэй эсэх тал дээр нэн шуурхай шийдвэр гаргахаас аргагүй болсон хэмээн онцолж байв. Харин түүний энэ мэдэгдэл нь бодит үнэнд нийцэхгүй, ийм мэдэгдэл хийж, эсрэг талынхаа анхаарлыг сулруулах арга ашиглаж байна гэж зарим ажиглагч үзэж байсан юм. Оросын тал Бахмутыг тавдугаар сарын 20-нд бүрэн эзэлсэн гэж мэдэгдсэн бол Зеленский тавдугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл хийхдээ Бахмут эзлэгдээгүй хэмээжээ.
Г.Бямбасүрэн