Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлал хийхээр тавдугаар сарын 21-ний үдэш газардсан. Түүний айлчлалын талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэж байна.
Reuters: Монгол Францад чухал металл нийлүүлнэ
Эрчим хүчний шилжилтэд шаардлагатай нэн чухал металлыг Монгол Улс Францад нийлүүлнэ гэж Эммануэл Макрон Монголд хийсэн анхны айлчлалынхаа үеэр мэдэгдлээ.
"Танай орноос чухал металлуудыг нийлүүлэх замаар манай эрчим хүчний тусгаар байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар шийдсэн" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзах үеэрээ Макрон мэдэгдлээ.
Түүнчлэн Монгол дахь ураны орд газрын боловсруулалт дээр ажиллаж буй Orano цөмийн групптэй хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой болно гэж Макрон мэдэгдсэн байна. Тэрбээр Японд болсон G7-ийн дээд хэмжээний уулзалтаас буцах замдаа Монголд саатсан юм.
Монголын бүхий л экспортын 80 орчим хувь нь Хятадыг чиглэдэг, гэхдээ ашигт малтмалаар баян энэ орон Орос, Хятад гэсэн хоёр том хөршөөсөө хальж, худалдаа, уул уурхайн харилцаагаа өргөтгөн, Европ, Азийг холбосон гүүр болно гэж найдаж байгаа аж. Монголд байх газрын ховор металл нь өндөр технологийн үйлдвэрийн процесст шаардлагатай, цахилгаан машин, салхин турбин, микрофон зэрэгт ашиглагддаг юм.
AFP: "Олон улсын аюулгүй байдлын тулгуур болсон олон талт систем"-д оруулж буй Монголын хувь нэмрийг Макрон өндрөөр үнэлэв.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Орос, Хятадын дунд оршдог, далайд гарцгүй Монгол Улсад анх удаа, түүхэн айлчлал хийлээ. Тавдугаар сарын 21-ний ням гарагт монгол гэрт Эммануэл Макроныг Монголын Ерөнхийлөгч хүлээн авч, эрчим хүчний салбарт чиглэгдсэн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Ням гарагийн үдэш Макроныг Улаанбаатарт газардахад түүнийг хүндэт харуул угтан авч, ааруул бяслаг барин монголчууд угтлаа. Монголын тусгаар тогтнолын баатрын нэрээр нэрлэгдсэн Сүхбаатарын талбай дээр Эммануэл Макроныг цэргийн жагсаалаар угтсан юм.
2022 оны хоёрдугаар сард Украин руу чиглэсэн Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Франц улс Оросын өдүүлсэн дайныг ил тодоор шүүмжлээгүй орнуудтай хэлэлцэх хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн. Монголд хийсэн богино хэдий ч түүхэн энэ айлчлал мөн л энэ сэдэвтэй холбоотой юм.
У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ Эммануэл Макрон Монголын Ерөнхийлөгчийн "халдлагад өртсөн орныг дэмжих шийдэмгий байдал", "олон улсын эрхзүйн дагуу Европ тивд энх тайвныг сэргээх зорилго"-той санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
Хэдийгээр У.Хүрэлсүх хэвлэлийнхэнд зориулсан мэдэгдэлдээ "дэлхий даяар энх тайван, аюулгүй байдлыг дэмжих" тал дээр тодорхойгүй мэдэгдэл хийсэн ч "олон улсын аюулгүй байдлын тулгуур болсон олон талт систем"-д оруулж буй Монголын хувь нэмрийг Макрон өндрөөр үнэлжээ.
Айлчлалын үеэр хоёр талын хэлэлцээр эрчим хүчний хамтын ажиллагааны сэдэвт чиглэгдсэн юм. Монголд уран олборлох төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, Монголын Засгийн газраас хараахан дэмжлэг аваагүй байгаа Orano /Арева компани багтдаг/ группийн талаар ч Макрон айлчлалынхаа үеэр ярилаа.
Монгол дахь ураны орд газар нь дэлхийн хамгийн чухал ордуудын нэгд тооцогддог юм. Уран олборлох төсөл орон нутгийн экологийн хөдөлгөөний зүгээс байнга шүүмжлэлд өртдөг ч энэ төсөл "экологи болон нийгмийн стандартад сайтар нийцүүлэн ажиллана" хэмээн Макрон мэдэгджээ. Францын Orano группийн Монголоос олборлох материал нь Францын эрчим хүчний тусгаар тогтнолд ихээхэн чухал гэдгийг ч тэрбээр онцолсон байна.
Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажилласнаар Монголын экологийн шилжилтийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Макрон илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн