Б.Батмэнд: Үлэмжийн чанар дуу эгшиглэхэд түмэн удаа маани хөгжөөсөнтэй тэнцэх буян хурдаг

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жил, “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн 15 жилийн ойд зориулан энэхүү дуулалт жүжгийг тавдугаар сарын 19-нд 19.00 цагаас, тавдугаар сарын 20-нд 17.00 цагаас тус тус толилуулах гэж байна. Энэхүү жүжигт "Үлэмжийн чанар" дуу үүссэн түүх болон Ноён хутагт Данзанравжаагийн амьдарч байсан цаг үеийн байдал, түүний амьдралын тухай өгүүлэх юм. "Үлэмжийн чанар" дуулалт жүжгийг Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойг тохиолдуулан 2008 онд анх тайзнаа тавьж байсан бөгөөд ингэхдээ Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хамтран тоглож байснаараа онцлог юм. Уг бүтээлийн гол дүр буюу V ноён хутагт Данзанравжаагийн дүрийг амилуулж буй Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батмэндтэй хэдхэн хором ярилцав.
-“Үлэмжийн чанар” анх 2008 онд тайзнаа тоглож байсан. 15 жилийн ойгоороо дахин тоглох гэж байгаад баяр хүргэе?
- Баярлалаа. Энэхүү дуулалт жүжгийг тайзнаа анх амилуулах санаачилгыг УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн тэргүүлдэг байсан “Ноён хутагт” сангаас гаргаж, манай Үндэсний урлагийн их театр хамтран бүтээж байсан.
-Драмын театрын уран бүтээлчидтэй хамтран тавих нь найруулагчийн шийдэл байсан уу?
-Жүжгийн гол онцлог нь яриа нэлээд их давамгайлдаг онцлогтой жүжиг. Магадгүй тийм учраас драмын жүжигчидтэй хамтарч ажилласан юм болов уу гэж бодсон. Тухайн жил нээлтийн тоглолтод л драмын жүжигчидтэй хамтарч тоглосон. Түүнээс хойшхи 15 жилийн хугацаанд ҮУИТ-ын уран бүтээлчид дангаараа тоглож ирсэн.
- Дүрээ бүтээхийн тулд удаан хугацаанд судалсан уу?
-Уран бүтээлч хүн аливаа нэг уран бүтээлд ажиллахад заавал судалгаа шаардлагатай. Тиймээс говийн ноён хутагтын дүрийг чадан ядан бүтээхийн тулд ном зохиол судлахаас гадна, А.Шартолгой гуайтай Дорноговь аймаг, Хамрын хийдээр явж судалгаа хийсэн. Энэ хүний дэлгэрүүлж байсан соён гэгээрлийн ул мөр баларшгүйгээр үлдэж, уран бүтээлийг үеийн үед өв дамжуулан авч ирсэн байна шүү дээ.
- “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийг хүмүүс яагаад үзэх ёстой юм бэ?
-Тэртээ 200 гаруй жилийн өмнө ноён хутагтын сургаал, үзэл баримтлал, нийгмийн байдал, хүмүүсийг хэрхэн соён гэгээрүүлж байсан гэх мэт тухайн цаг үетэй танилцах, бид үүнээс илүү байх ёстой юм биш үү гэдэг ойлголт авна. 200 жилийн өмнөх нийгэмд сургаалыг ингэж айлдсан байхад өнөөдөр бид яах ёстой вэ гээд л бодох, үзэгдэл бүрийг ухаарч, ухаж ойлгож, их зүйлийг бодоосой хэмээн хүсэж байна.
-Жүжгийн бэлтгэлд хамт байгаа залуус танай чуулгын хүүхдүүд үү, бүгд л таныг “Багш аа” гэж дуудах юм?
-Консерватори, чуулгын зарим шавь нарыгаа найруулагчийн зөвшөөрлөөр уран бүтээлд оролцуулдаг. Залуучууд “Ах аа, багш аа би одоо яахаар байна, та сонсоод өгөөч” гэдэг юм. Бид чинь үргэлж бие биенээсээ суралцаад л явдаг.
- Ингэхэд та хэзээнээс ҮУИТ-т ажиллаж эхлэв?
-1998 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт уртын дуучин Н.Норовбанзад багшийн удирдлага дор төгссөн. Сургуулиа төгсөөд зургадугаар сарын нэгнээс хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгад орсон. Дараа нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, одоо Үндэсний урлагийн их театр болжээ. Гурван төрийн нүүр үзэж байна гэдэг шиг гурван нэртэй болсон (инээв). Ахмад хүмүүс Улсын Ардын дуу бүжгийн чуулга нэрээр нь сайн мэддэг. Үндэстнийхээ их өв соёл, ардын урлагаа өвлөн сурч, түгээн дэлгэрүүлж, гадны орнуудад сурталчилж, Монгол Улсынхаа урлаг соёлын нүүр царай болдог хамт олноороо бахархаж явдаг.
-Дуулалт жүжгийн дараа ямар уран бүтээлд ажиллахаар төлөвлөж байна вэ?
-ҮУИТ-ын ажлын төлөвлөгөө улирлаар гардаг. Дууны албаны хувьд “Учиртай гурван толгой”, “Сүнжидмаа” гэх мэт дуулалт жүжгүүдээ сэргээнэ. Мөн Монголын соёл урлагийг гадаадын жуулчид, дотоодын үзэгчдэд зориулж “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо тоглоно. Энэ жилийн 100, 101 жилийн ой, үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаандаа бэлтгэнэ гээд л ажил ундарна аа.
-Ярилцсанд баярлалаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ