ОХУ Украинд дайн өдүүлсний дараа Оросоос гарах цагаачлалын цуваа нэмэгдэж, энэ цагаачлалын давалгаа 2022 оны есдүгээр сард зарласан цэргийн дайчилгааны улмаас улам хүчээ авч байлаа. Дайны улмаас олон чадварлаг боловсон хүчин эх орноо орхин гарч, Орос ажиллах хүчний хомстолд орсон талаарх мэдээлэл гарч байлаа. Гэхдээ дайнаас ч өмнө эрдэм боловсролтой хүмүүс энэ улсыг орхисоор, шинжлэх ухааны салбар туйлдаж байгаа талаар Оросын эрдэмтэн өгүүлснийг "Эрх чөлөө радио" дамжуулжээ.
Оросын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Сибирийн салбарын дарга Валентин Пармон сүүлийн таван жилийн хугацаанд ОХУ 50мянга гаруй эрдэм шинжилгээний ажилтнаа алдсан гэж салбарын хурал дээр мэдэгдсэн байна.
"Өөр аль ч орон шинжлэх ухааны салбарынхаа ийм олон ажилтныг алдаж байгаагүй. Технологийн тусгаар тогтнол, шинжлэх ухаанч технологиос ирээдүй хамаарна гэж бүгд ярьж байгаа энэ үед Орос улс үүнийг хийх хүмүүсээ алдчихаад байна" хэмээн Валентин Пармон өгүүлжээ.
Түүний өгүүлснээр технологийн хөгжилтэй орнуудын түвшинд хүрч, чадварлаг хүмүүсийг шинжлэх ухааны салбар руу татахын тулд судалгааны санхүүжилтийг хэд дахин нэмэх ёстой гэнэ. Харин тэрбээр энэ хэлсэн үгэндээ Украинд өдүүлсэн дайны дараа хичнээн эрдэмтэн өөр орныг зорьсон талаар дурдаагүй байна.
Энд дуулгахад, Украинд дайн эхэлсний дараа Оросын иргэд олноор гадаад орныг зорьж, намрын дайчилгаа хүртэлх хугацаанд 300 мянган хүн Оросыг орхин явжээ. Мөн ийм тооны хүн дайчилгаа зарласны дараа Оросыг орхин явсан гэж хараат бус хүн амзүйч Алексей Ракша мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |