"Путиний ордон" гэгддэг, Геленжик орчимд байх барилгын схем болон хар зургийг The Business Insider нийтлэжээ. Сэтгүүлчдийн өгүүлснээр, энэ баримт бичгүүд 2016 оноос хойш цахим ертөнцөд ил тод байсаар ирсэн бөгөөд эдгээр зургийг "Метростиль" зураг төслийн компани "асрах газрын схем зураг" хэмээн нэрлэн, нийтэлсэн байсан гэнэ.
Зураг дээрээс харахад, Путиний ордонд газар доорх давхрууд байдаг аж. Газар дор бэхжүүлсэн сууц, хонгилууд байхын дээр барилгаас цахилгаан шат 50 метрийн гүн рүү буух бөгөөд газар доорх хэсэгт агааржуулалт, цахилгаан, ус дамжуулалт, цэвэр бохир усны шугам, холбоо харилцааны кабель ч байдаг гэж эх сурвалж мэдээлжээ.
Зургаан метрийн өргөнтөй, 40 болон 60 метрийн урттай хоёр хонгилыг 40 сантиметрийн бетоноор хүрээлж хамгаалсан нь бөмбөг шууд унасан ч энэ хонгил доторх хүмүүсийг хамгаалах боломжтой гэж шинжээчид үзэж байгаа аж. Дээд хонгил нь элсэн толгодын бэл рүү гардаг бол доод, арай урт хонгил нь Хар тэнгисийн эрэг рүү гарах гарцтай гэнэ.
Энд дуулгахад, Геленжик орчимд Путиний тансаг ордон байдаг гэх мэдээллийг анх 2021 онд Алексей Навальныйн багийнхан эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ дамжуулан нийтэд хүргэж байлаа. Энэ ордон нь Монакогийн вант улсын дайны 39 нутаг дэвсгэртэй тэнцэх аж. Путиний энэхүү ордныг барихын тулд 100 тэрбум рубль буюу монгол мөнгөөр 3.5 их наяд төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг төрийн корпорациуд хийсэн гэнэ.
Эрэн сурвалжлах нэвтрүүлэгт "Роснефть", "Транснефть" зэрэг төрийн компаниуд барилгын ажилд зориулан мөнгө шилжүүлдэг авлигын схемийг харуулсан байв. Путин улсын корпорациудын өнөөгийн тэргүүнүүдтэй нөхөрлөдөг нь энэхүү авилгын системийг үүсгэсэн гэж Авлигатай тэмцэх сан баталж байсан юм.
Путиний ордонд боомт, хувийн хамгаалалт, сүм, хяналт шалгалтын хэсэг, нислэггүй бүс, тэр бүү хэл хилийн боомт хүртэл байдаг гэнэ. Цогцолборын бүрэлдэхүүнд газар доорх хоккейн талбай, цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын газар болон газар доорх дарсны өрөө рүү хүргэдэг хонгил байдаг аж. Түүнчлэн театр, казино, саун, усанд сэлэх хэсэг, усны дискотек, төрөл бүрийн цех байдаг гэнэ.
Энэ нэвтрүүлэг гарсны дараа Путины хэвлэлийн төлөөлөгч үүнийг "огт хэрэггүй эд, утгагүй" зохиол хэмээн нэрлэж байсан бол Путин энэ талаар мэдэгдэл хийхдээ тэр өөрөө болон түүний төрөл төрөгсөд нь энэ бичлэг дээрх объектыг эзэмшдэггүй хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |