Украинд өдөөсөн дайн эхэлснээс хойш Орос орныг хамрах болсон төрөөс урвасан гэх хэргийн давлагаа тус улсын батлан хамгаалахын салбарын томоохон шинжлэх ухааны төвийг ч хамрав.
Тодруулбал, Новосибирскийн Онолын ба хавсарга механикийн хүрээлэнгийн гурван эрдэмтэн төрөөс урвасан хэргээр баривчлагджээ. Энэ хүрээлэнд дуунаас хэт хурдан нисэх аппарат бүтээдэг бөгөөд Оросын армийн нэн чухал зэвсгийг бүтээсэн эрдэмтэд дээд тал нь бүх насаараа хоригдох ял хүлээх зүйл ангиар баривчлагдсан байна.
Онолын ба хавсарга механикийн хүрээлэнгийн ажилтнууд тавдугаар сарын 16-ны өдөр нээлттэй захидал нийтлүүлсэн талаар The Moscow Times, Meduza агентлагууд мэдээлжээ. Энэ захидалд их хурдны аэро газ динамикийн лабораторийг хүрэлэнд үндэслэн байгуулсан, техникийн ухааны доктор, тус хүрээлэнгийн ерөнхий эрдэм шинжилгээний ажилтан Валерий Звегинцевийг төрөөс урвасан хэрэгт сэжиглэн баривчилсан талаар өгүүлсэн байна.
Эрдэмтэн Звегинцев дөрөвдүгээр сарын долооны өдрөөс эхлэн гэрийн хорионд байгаа аж. Харин түүний шууд удирдлага, Онолын ба хавсарга механикийн хүрээлэнгийн захирал Александр Шиплюк өнгөрсөн оны наймдугаар сард урьдчилан саатуулах төвд хоригдсон байна. Үүнээс ердөө хэдхэн өдрийн өмнө мөн л ерөнхий эрдэм шинжилгээний ажилтан Анатолий Масловыг баривчилсан байжээ. Тэднийг мөн л ОХУ-ын Эрүүгийн хуулийн 275 дугаар зүйлд заасан "Төрөөс урвасан" хэрэгт буруутгаж байгаа аж. Academ.info-ийн мэдээлснээр Масловыг дуунаас хэт хурдан технологитой холбоотой мэдээллийг Хятадад дамжуулсан гэж сэжиглэж байгаа гэнэ.
Шиплюк болон Маслов нар 10 гаруй жил дуунаас хэт хурдан пуужин боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа аж. Энэ зэвсгийн туршилтын дизайныг 2012 онд Францад болсон эрдэм шинжилгээний семинар дээр тэд танилцуулсан бол үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2016 онд энэ хоёр эрдэмтэд дуунаас хэт хурдан үеийн аэродоинамикийн судалгааны хамтарсан бүтээл гарчээ. Эрдэмтэн Шиплюк сүүлийн жилүүдэд дуунаас хэт хурдан пуужингийн хамгаалалтын бүрхэвчийг боловсруулах ажил дээр төвлөрч байсан гэж The Telegraph мэдээлсэн байна.
Оросын The Moscow Times сонины бичсэнээр, физик-математикийн салбарт хүчтэй нөөц боломжоороо алдартай, Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт нийтдээ 16 хүн эрүүгийн хэрэгт татагджээ. Тэдний дунд Оросын Шинжлэх ухааны академийн академич Александр Асеев, Дмитрий Колкер нар багтаж байгаа аж. Дмитрий Колкер Новосибирскийн улсын их сургуулийн квант оптикийн технологийн лабораторийн эрхлэгч байсан бөгөөд түүнийг хэрэгт татан, урьдчилан саатуулах төвд хорьсны дараа нас барсан байна.
Энд дуулгахад, Орост дуунаас хэт хурдан зэвсэг бүтээж байгаа талаар тус улсын ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны гуравдугаар сарын нэгний өдөр зарлаж байлаа. Холбооны хуралд хийсэн илгээлтийнхээ үеэр тэрбээр "Циркон" хөлөг онгоц эсэргүүцэх пуужин болон "Авангард" тив алгасах баллистик пуужинг АНУ-ын нутаг руу хөөргөж буйг дүрсэлсэн анимаци бичлэг үзүүлж байв. Үүний зэрэгцээ "Кинжал" дуунаас хэт хурдан пуужингийн комплексийг танилцуулсан бөгөөд энэ нь өнөө байгаа пуужингаас эсэргүүцэн хамгаалах, агаараас эсэргүүцэн хамгаалах системүүд төдийгүй ирээдүйд бүтээгдэх ийм системүүдийг ч даван гарч чадна гэж Путин онцолж байлаа.
Ямар ч системийг даван гарч чадна гэж Оросын тал мэдэгдэж байсан "Кинжал"-ыг Украины Зэвсэгт хүчин Америкийн 1970-аад оны үеийн Патриот пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээр устгасан гэж тавдугаар сарын дөрөвний өдөр мэдэгдэж байлаа. Үүний дараа Пентагон энэ мэдээллийг албан ёсоор батлаж байсан юм.
Г.Бямбасүрэн