Туркийн Анкара хотод болсон Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны Парламентын ассамблейн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Дээд рад болон Оросын Думын гишүүд зодолджээ. Энэ талаар Туркийн Анадолу агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын Думын депутат, эрх баригч "Нэгдсэн Орос" намын гишүүн Ольга Тимофеева үг хэлэх үеэр сөргөлдөөн гарчээ. Тимофеева энгэртээ Георгийн тууз зүүсэн байсан бөгөөд түүнийг үг хэлэх үеэр Украины парламентын гишүүд ард нь Украины далбаа барих гэхэд Оросын гишүүд үүнд нь саад болсноор сөргөлдөөн эхэлсэн гэнэ. Улмаар тэд хоорондоо зодолджээ.
Анкара дахь Оросын Элчин сайдын яамны мэдээлснээр, энэ зодооны улмаас Оросын нэг гишүүн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Харин Украин болон Туркийн талууд болсон хэрэгтэй холбоотой ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.
Орос, украинчуудын өмнөх зодоон
Парламентын гишүүд пүрэв гарагт зодолдсон нь ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш хоёр талын төлөөлөгчид Туркэд уулзан, маргалдаж, зодоон өдүүлсэн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь энэ оны хоёрдугаар сард хөлбөмбөгийн тэмцээний үеэр орос, украинчууд зодоон хийж байв.
Тодруулбал, Оросын "Шинник" клуб, Украины "Минай" клубийн хөлбөмбөгчид Анталья хотод тэмцээнд орохоор ирж, тэндээ нэгэн зочид буудалд байрлажээ. Энэ үеэр тэд хоорондоо зөрчилдөж, зодоон хийсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Хоёрдугаар сарын 13-ны даваа гарагт Royal Seginus зочид буудалд украинчууд "Шинник"-ийн ахлагчийг Украины төрийн дууллыг дуул гэж шаардсаны улмаас тэд маргалдсан гэж Оросын тамирчид өгүүлсэн бол Украины тамирчдын өгүүлснээр, Оросын хөлбөмбөгчин согтуурхан буудлын ажилтанд агсарч байсан тул түүнд сануулга өгсний дараа маргаан гарсан гэнэ.
Ингээд хоёр талын тамирчид маргалдаж, улмаар зодолдсон байна. Хоёр талынхны өгүүлснээр, цахилгаан шатанд зодолдож, цахилгаан шат гуравдугаар давхарт гарах хүртэл зодооноо үргэлжлүүлжээ. Буудлын гуравдугаар давхарт Оросын хөлбөмбөгчид байрласан байсан бөгөөд улмаар бүлэг зодоон болсон байна.
Энэ зодооны улмаас Оросын тоглогчдын уруул сэтэрсэн, хөлийн хуруу хугарсан, хавирга гэмтсэн байх магадлалтай гэж Оросын "Шинник" багийн эмч өгүүлснийг Коммерсант дамжуулжээ. Зодооны дараа Оросын тамирчид буудлаа сольж, өөр буудал руу нүүсэн хэрэг гарч байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |