Германд тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн сард 49 евро (shuud.mn: монгол мөнгөөр 186,2 мянган төгрөг орчим) төлбөртэйгээр зорчих тасалбар худалдах үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Энэ талаар Евроньюс мэдээлсэн байна.
Сард нэг удаад 49 еврогоор зорчих тасалбар худалдан авсан иргэн орон нутгийн болон хот хоорондын нийтийн тээврээр нэмэлт төлбөр төлөлгүй зорчих боломжтой аж. Deutschlandticket нэртэй энэ тасалбар нь үнийн өсөлтийн нөхцөлд хүмүүст ирэх санхүүгийн ачааллыг бууруулах, автобус галт тэрэг түлхүү ашиглуулах, ингэснээр аяллыг экологид ээлтэй болгох зорилго агуулсан гэнэ.
Хязгааргүй зорчих тасалбар нэвтрүүлсэн нь тус улсын түүхэнд, нийтийн тээврийн салбарт оруулсан томоохон шинэчлэл гэж эрх баригчид нь мэдэгджээ. Энэ тасалбарыг Германы иргэд төдийгүй жуулчид ч ашиглаж болох юм байна. Хязгааргүй зорчих тасалбарыг 49 еврогоор авснаар автобус, трамвай, метро, хөнгөн метрогоор зорчих боломжтой бөгөөд бусдад дамжуулан ашиглуулахыг хоригложээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |