Хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнэ эрс өссөн өнөөгийн нөхцөлд хаан ширээнд залах ёслолыг нүсэр хийж, зардлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахаар болсонд Их Британийн оршин суугчид дургүйцэн, шүүмжлэлтэй хандаж байгаа талаар Евроньюс мэдээлжээ.
Ирэх бямба гарагт III Чарльз хааныг сэнтийд залах ёслол болох бөгөөд энэ нь Их Британид сүүлийн 70 жилийн хугацаанд ийм ёслол хийж байгаа анхны тохиолдол юм. Сэнтийд залах ёслолтой холбоотойгоор гурван өдөр үргэлжлэх томоохон баярын арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.
Харин энэ нүсэр баярын зардлыг хэн төлөх талаар иргэд асууж, шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Ой болон бусад төрлийн ёслолын зардал арга хэмжээ болсноос хэдэн сарын дараа эсвэл жилийн дараа л тодорхой болдог юм. Гэхдээ Чарльзыг хаан ширээнд залах ёслол 113 сая еврогийн зардалтай болно гэж зохион байгуулагчид нь тооцоолж байгаа бөгөөд энэ нь төрийн ёслол тул татвар төлөгчдийн мөнгөнөөс зардлыг гаргах аж.
Хатан хаан II Элизабетыг хаан ширээнд залах ёслол 1953 онд болж, 1,5 сая фунт буюу өнөөгийн ханшаар 56 сая евро зарцуулж байжээ. Харин Чарльзыг хаан ширээнд залах ёслол үүнээс хоёр дахин их байгаа нь аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаанд илүү хөрөнгө төсөвлөсөнтэй холбоотой гэнэ. Хаан ширээнд залах ёслолын үеэр алан хядах ажиллагаа үйлдэгдэж магадгүй гэж үзсэний улмаас аюулгүй байдлыг хангахад асар их хөрөнгө төсөвлөжээ. Харин Чарльзын ээж Элизабетыг сэнтийд залж байсан 1950-иад оны үед алан хядах ажиллагаа тийм ч ноцтой асуудал болж байгаагүй аж.
Их Британид хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнэ эрс өсөж байгаа энэ үед ёслолыг нүсэр тэмдэглэхээр төлөвлөснийг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ихээхэн шүүмжилж байгаа юм байна. Тиймээс Чарльз хаан ч иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, ёслолын ажиллагааг танахаар болжээ. Тодруулбал, II Элизабетыг сэнтийд залах ёслол гурван цаг үргэлжилж байсан бол Чарльз ёслолоо 90-120 минут байхаар төлөвлөсөн байна. Түүнчлэн урих зочдын тоог ч багасгажээ. 1953 оны ёслолд 8200 зочин ирж байсан бол III Чарльзыг хаан ширээнд залах ёслолд 2200 орчим зочин уригджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |