АНУ дахь МакДональдс сүлжээний гурван зоогийн газар 300 гаруй хүүхэд, тэр дундаа 10 настай хүүхэд ажиллуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон талаар Америкийн Хөдөлмөрийн яам мэдэгдсэнийг Prime дамжуулжээ.
"Кентукки, Индиана, Мэриленд, Охайо мужид нийт 62 зоогийн газар ажиллуулдаг гурван опеатор компанид шалгалт хийхэд тэд 305 хүүхдийг ажиллуулж, ийнхүү ажиллуулахдаа хуульд заасан ажлаас илүү ихийг хийлгэж, хуулиар хориглосон ажил эрхлүүлдэг байсан нь тогтоогдсон. Ажил олгогчдыг 212 754 мянган доллараар торгосон" хэмээн Хөдөлмөрийн яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Энэ шалгалтын үеэр 10 настай хүүхдүүдийг ч ажиллуулж байсан нь тогтоогдсон байна.
"Арван настай хоёр хүүхэд ажиллаж байсан. Тэд цалингаа аваагүй, зарим үед шөнийн хоёр цаг хүртэл ажиллаж байсныг шалгалтын явцад тогтоолоо. Тэд захиалга бэлтгэж, түгээж, агуулах цэвэрлэж, захиалга авах хэсэгт ажиллаж байсан. Түүнчлэн 16-аас доош насныхан ажиллуулахыг хориглодог шарах хэсэгт нэг хүүхдийг ажиллуулж байсан нь тогтоогдлоо" хэмээн Хөдөлмөрийн яам мэдэгджээ.
АНУ-д насанд хүрээгүй хүмүүс эрхлэх ажлын төрлийг хязгаарлаж, цагийг нарийвчлан тогтоосон байдаг. Тухайлбал, 14-15 насныхан хичэлийн бус цагаар ажиллаж болох ч өдөрт гурваас дээш цаг ажиллуулахыг хориглодог аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |