Дэлхийн бараг бүх л орны хууль тогтоогчид "ард түмнийхээ төлөө зүтгэнэ" гэсэн тангарагтайгаар парламентын босгыг давдаг. Гэхдээ энэ тангаргаа ёсчлон биелүүлдэг орон цөөн. Ихэнх оронд улс төрч, тэр дундаа парламентын гишүүн болох нь эрх мэдэл, эд баялгийнх нь эх үүсвэр болдог. Тэр дундаа Монголд. Харин Шведэд байдал огт өөр, энд татвар төлөгчдийн мөнгийг утгаар нь хэмнэж, парламентын гишүүдийг хувийн туслахтай байхыг ч зөвшөөрдөггүй аж.
Эгэл хүмүүс
Шведүүд ардчилсан зарчмаар гишүүдээ сонгож, ийнхүү сонгогдсон гишүүд нь эгэл амьдралаас тасарсан элит хүрээллийн нэгэн болдоггүй.
"Бид бол энгийн л иргэд. Парламентын гишүүн байлаа гээд өөрсдөдөө илүү эрх ямба өгөх нь ямар ч утгагүй. Учир нь бид иргэдээ төлөөлж, тэдний амьдарч буй бодит байдал ямар байгааг мэддэг байх ёстой. Иргэдийг төлөөлнө гэдэг нь өөрөө эрх ямба, учир нь бид улс орноо удирдан залахад нөлөөлөх боломжтой болж байна шүү дээ" хэмээн Социал демократ намын гишүүн Пер-Арне ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.
Машин
Парламентын мэдэлд ердөө гурван машин байдаг гэнэ. Энэ гурвыг ерөнхийлөгч, ерөнхий сайд болон түүний орлогчид ашиглана. Гэхдээ гагцхүү албан ёсны арга хэмжээний үеэр л албаны машин ашигладаг аж.
Парламентын гишүүд нийтийн тээврээр үйлчлүүлэх бөгөөд тэдэнд жил бүр нийтийн тээврээр зорчих тасалбар өгдөг гэнэ. Гэхдээ гишүүд хүндэтгэх шалтгаантай бол машин ашиглах хүсэлт тавьж болно. Шведийн парламентын гишүүд таксигаар ч явах нь ховор, нэн шаардлагатай үед л таксиг сонгодог аж.
Цалин
1957 он хүртэл Шведийн депутатууд цалингүй ажилладаг байжээ. Харин 1957 онд "эдийн засгийн шалтгааны улмаас нэг ч иргэн гишүүн болох боломжоо алдах ёсгүй" гэж парламент тогтоосноор гишүүд цалинтай болсон гэнэ.
2019 оны байдлаар парламентын гишүүний цалин 40 мянган крон байсан, энэ нь бага ангийн багшийн цалинтай дүйхүйц аж. Мөн гишүүд өөрсдийнхөө цалинг нэмж болохгүй, цалин нэмэх шийдвэрийг хараат бус хороо гаргах бөгөөд энэ хорооны бүрэлдэхүүнд ерөнхийлөгч болон хоёр шүүгч багтдаг гэнэ.
Орон байр
Стокгольмд оршин суудаггүй гишүүдэд улсаас байр олгодог. Энэ нь ердөө 45 кв.м талбай бүхий нэг өрөө байр байдаг аж. Гишүүд байрны цэвэрлэгээ үйлчилгээг өөрсдөө хариуцна.
Энэ байр гагцхүү парламентын гишүүн амьдрахад л зориулагдсан, гэр бүл нь ч энд амьдрах эрхгүй. Төрөл төрөгсөд нь энэ байранд хонолоо гэхэд парламентын гишүүн төлбөрийг нь төлөх ёстой.
Нарийн бичгийн арми
Парламентын нэг ч гишүүн хувийн нарийн бичгийн дарга эсвэл туслахтай байх эрхгүй. Нам тус бүр намын нарийн бичгийн баг бүрдүүлэх тодорхой хэмжээний мөнгийг улсаас авдаг бөгөөд ийм нарийн бичгийн дарга нар бүгдэд үйлчилнэ.
Намын гишүүдээс хэн нь ч нарийн бичгийн даргыг хувийн ажилд зарж болохгүй. Тиймээс парламентын гишүүд өөрсдөө ажлын хуваариа гаргаж, уулзалтаа товлож, кофендоо өөрөө л явдаг гэнэ.
Орон нутгийн улс төрийн хүрээлэлд хэмнэлтийн горим илүү хатуу үйлчилдэг. Улс төрийн төлөөллийг үндсэн ажил дээрх нэмэлт ачаалал гэж үздэг аж. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 94 хувь нь огт цалин авалгүй ажилладаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |