Хятадын Ляонин мужийн Далянь хотод автомашин зорчих усан доогуурх хонгилыг тавдугаар сарын нэгний өдөр нээсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Даляньвань булангийн усан доогуур байгуулсан хонгилын урт нь 5,1 км, хоёр урсгалтай, урсгал тус бүр гурван эгнээтэй аж. Энэ хонгилоор зорчих дээд хурд нь 60 км/цаг, өдөр бүр 50 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хонгилыг байгуулах ажилд дөрвөн жилийг зарцуулжээ. Хонгил холбогдсон автозамын нийт урт нь 12 км бөгөөд усан доогуурх хонгилоос гадна уулын хонгил, хуурай замын хэсгийг багтаасан байна. Энэ замыг Даляньвань булангийн хойд болон өмнөд эргийг холбож, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготойгоор барьж байгуулжээ.
Г.Бямбасүрэн