Украинтай залгаа хилээс холгүй орших, Оросын Брянск мужийн төмөр зам дээр дахин дэлбэрэлт болжээ. Мужийн захирагч Александр Богомазын мэдэгдсэнээр Снежетская өртөөний бүсэд тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн аж.
BAZA сувгийн мэдээлснээр, орон нутгийн цагаар мягмар гарагийн 19:48 цагт Снежетская өртөөнөөс холгүйхэн байх төмөр замын хэсгээр Брянск-Карачев чиглэлд ачааны галт тэрэгний бүрэлдэхүүн явж өнгөрөх үед гурван тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн байна. Энэ дэлбэрэлтийн улмаас хүн гэмтэж бэртээгүй, харин 20 вагон замаасаа гарчээ.
Урьдчилсан мэдээллээр, хүн хохироогүй, галт тэрэг замаас гарсны улмаас гал гараагүй аж. Хэргийн газарт гал сөнөөгчид ажиллаж байгаагийн дээр нэг гал сөнөөх, хоёр нөхөн сэргээх галт тэргийг илгээсэн байна. Мөн төмөр замын энэ хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаажээ.
Энэ нь сүүлийн хоёр өдөрт гарсан хоёр дахь дэлбэрэлт юм. Өмнө нь тавдугаар сарын нэгний өдөр Брянск-Унеча чиглэлийн төмөр зам дээр дэлбэрэлт болсны улмаас газрын тосны бүтээгдэхүүн, мод тээвэрлэж явсан галт тэрэгний бүрэлдэхүүн замаасаа гарсан. Төмөр зам дээр болсон энэ дэлбэрэлт нь Украины талын үйлдсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж Брянск мужийн эрх баригчид мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |