Сангийн сайд Йеллен: АНУ-ын өрийн таазыг нэмэхгүй бол дефолт зарлаж болзошгүй нь

img

Америкийн улсын өр хяналтаас гарч, нэн шаардлагатай арга хэмжээ авахгүй бол дефолт зарлах эрсдэл үүсчээ. Энэ талаар тус улсын Сангийн сайд Жанет Йеллен сануулсныг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

АНУ-ын Конгресс хуульд заасны дагуу Америкийн улсын өрийн таазыг өндөрсгөхгүй бол зургадугаар сарын нэгэн гэхэд тус улсын Засгийн газар мөнгөгүй болно гэж Сангийн сайд Жанет Йеллен анхааруулжээ. Ингэснээр АНУ-ын түүхэнд хэзээ ч байгаагүй дефолт зарлах эрсдэлтэй гэж тэрбээр онцолсон байна.

 

Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй бол АНУ шинээр зээл авах боломжгүй болох аж. Тиймээс одоо 31,4 их наяд долларын түвшинд тогтоосон лимитийг аль болох хурдан нэмэхийг Йеллен уриалсан байна.

 

Америкийн эрх баригчид шинээр зээл авах шаардлагатайг онцолж байгаа бөгөөд татварын орлого төсөөлж байснаас бага орсон, харин засгийн газрын зардал төлөвлөгөөнөөс хэтэрсэн тул ийм алхам хийх шаардлагатай байгаа аж. Улсын өрийн таазыг нэмэх нь АНУ-ын хувьд хэвийн үзэгдэл юм. 1960 оноос хойш 78 удаа өрийн таазыг нэмэх шийдвэр гаргаж байв.

 

Улсын өрийн таазыг нэмэх тал дээр бүгд найрамдахчууд эсрэг байр суурьтай байгаа бөгөөд ардчилсан намынхан тэдэнтэй хэлэлцэж чадна гэж найдаж байгаа аж. Учир нь улсын өрийн таазыг нэмж, шинээр зээл авахгүй бол дефолт буюу засгийн газар өр төлөх хариуцлагаа биелүүлэх чадваргүй болсонд тооцогдох эрсдэлтэй юм. Үйл явдал ийн эргэсэн тохиолдолд дэлхийн санхүүгийн зах зээл ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг шинжээчид онцолж байна. Түүнчлэн хямрал нүүрлэж, ажилгүйдэл нэмэгдэнэ гэж шинжээчид анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Долларын эзэд гэдэг нь оргүй биш ортой үг. АНУ-ын банк санхүүг хэсэг бүлэг хүмүүс өмчилж, доллар хэвлэж америкйин засгийн газарт хүүтэй зээлдэг. Америкийн засгийн газар зээлсэн мөнгөө ард түмэндээ хүүтэй зээлдэг. Доллар хэвлэдэг бүлэг хүмүүс америкийн засгийн газар америкийн иргэдийг зээлээс их хамааралтай болгож байна. Америкийн засгийн газар өөрөө доллараа хэвлэдэг болчихвол өрийн дарамт багасч өргүй болно.
2023-05-02
У янха билүү нөгөө бэр нь нутаг буцахгүй бол дампуурах гээд бгаа юм бишүү
2023-05-02