АНУ гадаадын жуулчдаас вакцинд хамрагдсан гэрчилгээ шаардахгүй

АНУ руу зорих гадаад улс орны иргэд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсан байх шаардлагыг Америкийн эрх баригчид тавьж байсан. Энэ журмыг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цуцлахаар болжээ.
Цагаан ордны мэдээлснээр, тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн гадаадын жуулчдаас вакцинд хамрагдсан байхыг шаардах журмыг цуцлахаар болсон байна. Түүнчлэн төрийн албан хаагчид, эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвараа сэргийлэх вакцинд зайлшгүй хамрагдах журам ч цуцлагдаж байгаа аж.
Тавдугаар сарын 11-ний өдөр АНУ-д эрүүл мэндийн салбарт зарласан онц байдлын хугацаа дуусах юм байна. Тус улсад 2020 оны гуравдугаар сард цар тахлын улмаас онц байдал тогтоож, харин энэ оны тавдугаар сарын 11-ний өдрөөс онц байдлыг цуцлах тушаал 2023 оны дөрөвдүгээр сарын 11-нд гарсан юм. Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д 104 сая орчим хүн халдвар авч, 1,1 сая хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ