Зорчих эрхийг хязгаарлах буюу цахим бугуйвч зүүх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн. 2021 оны 02 дугаар сараас 2023.05.01 хүртэлх хугацаанд нийт 4 136 хүнд цахим бугуйвч зүүсэн байна. Өнөөдрийн байдлаар 1 355 ялтан цахим бугуйвч зүүж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байна. Үүний 1157 иргэн буюу 85 хувь нь эрэгтэй, 188 буюу 13.8 хувь нь эмэгтэй бол 10 хувь нь өсвөр насны хүүхдүүд байна.
Мөн АНУ, ОХУ, БНХАУ-ын долоон иргэн цахим бугуйвчтай Монгол Улсын нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гурван удаагийн худалдан авалтаар нийт 2680 цахим бугуйвч авсан байна. Анх нэг бугуйвчийг 780 мянган төгрөгөөр авч байсан бол одоо 420 мянган төгрөгөөр авч буй аж.
Хорих ангид ял эдэлж байгаа хоригдол өдөрт 20-25 мянган төгрөгийн зардалтай байдаг бол цахим бугуйвч нэг өдөрт 1 305, сард 40 500 төгрөгийн төлбөр гардаг байна. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн хүн цахим бугуйвчны үнэ болох 420 мянган төгрөг болон сарын төлбөр болох 40 500 төгрөгийг төлдөг байна.
Цахим бугуйвчтай ялтныг 24 цагаар тасралтгүй хянадаг аж.
Б.Хэрлэн
Уншиж байна |