Туркийн аяллын компани гурван жилийн хугацаатай дэлхийг тойрох аялал хийхээр зэхэж байна. Энэ оны 11 дүгээр сарын нэгний өдөр Стамбулаас хөдлөх энэ аяллын хөлөг онгоц 400 өрөөтэй аж.
Гурван жилийн хугацаанд аяллын хөлөг онгоц 135 орноор аялах гэнэ. Энэ онгоцон дээр хурлын танхим, 14 офис, номын сан, кафе, хиймэл дагуулын интернет гээд аялах, ажиллахад зориулсан бүх нөхцөлийг бүрдүүлжээ.
Харин чөлөөт цагаараа шарлагын өрөө, усан сан, эрүүлжүүлэх төв, бэлтгэлийн танхим зэрэг олон газраар үйлчлүүлэх боломжтой аж. Гурван жил 135 орноор аялах энэ аяллын тасалбар дунджаар 30 мянган долларын үнэтэй гэнэ.
Аялалд гарах онгоцыг 1992 онд үйлдвэрлэсэн бөгөөд 2020 оноос Туркийн алдарт Miray International компанийн мэдэлд шилжсэн байна. Энэ компанийн салбар Miray Cruises компани хөлөг онгоцыг ашиглан гурван жилийн хугацаатай аялал зохион байгуулахын тулд life at Sea Cruises нэртэй аяллын брэнд бүтээжээ. Аяллын онгоц 1074 хүний багтаамжтай бөгөөд урт хугацааны аялалд гарахаас өмнө бүхий л шаардлагатай шинэчлэлт, засвар үйлчилгээг хийсэн байна.
2023 11 дүгээр сарын нэгний өдөр Стамбулаас хөдөлж, Барселона, Майамигаас зорчигчид нэмж суулгах энэ аяллын хөлөг онгоц 36 сарын хугацаанд 209000 км зам туулж, 135 орны 375 боомт дээр зогсож, үүнээс 208 боомт дээр хоноглон, жуулчдыг нутгийн үзэсгэлэнт газар, дурсгалт хэсгүүдтэй танилцах боломж олгох аж.
Г.Бямбасүрэн