Лоолиор тулалдах наадам
Испанийн Буньоль хотод улаан лоолиор тулалдах наадам болдог. Домогт өгүүлснээр, нэгэнтээ хэсэг танхай нөхөд зах дээр нэг нэгэнрүүгээ лооль шидэж, "тулалдсан" гэдэг. Энэ нь нутгийн оршин суугчдад таалагдаж, жил бүр ийм "тулаан" зохион байгуулах болжээ. Ингээд жил бүрийн наймдугаар сарын сүүлээр лоолиор тулалдах наадам зохион байгуулдаг болсон бөгөөд энэ "тулаан" нэг цаг үргэлжилдэг аж.
Хөгжмийн наадам
АНУ-ын Логан хотод жил бүр хөгжмийн наадам болдог. Хаа сайгүй болдог хөгжмийн наадмуудаас ялгаатай нь энд хөгжимчид хувцас угаадаг нэдрүүлгээр хөгжимддөг аж. Мэдээж, бөмбөр, гитар тоглож болно. Гэхдээ энэ наадамд оролцохоор зэхсэн хамтлагийн бүрэлдэхүүнд нэдрүүлгэ эсвэл гэр ахуйн өөр нэг хэрэгслийг ашиглан дуу авиа гаргаж чаддаг байх ёстой.
Ийм хачирхалтай тэмцээн зохиох болсон нь Логан хотоос холгүйхэн угаалгын нэдрүүлгэ үйлдвэрлэдэг АНУ-ын цорын ганц үйлдвэр үйл ажиллагаа явуулдагтай холбоотой гэнэ.
Бяслагийг гүйцэх тэмцээн
Их Британийн Глостер хотоос холгүйхэн тавдугаар сарын сүүлчийн даваа гарагт нэгэн хачирхалтай тэмцээн зохион байгуулдаг болоод хоёр зууны нүүрийг үэзж байна.
Энэ тэмцээнд оролцогчид нь уулын уруу өнхрүүлсэн бяслагны араас хөөцөлддөг аж. Оролцогчид энэ бяслагийг гарааны шугам давахаас нь өмнө гүйцэн барьж авах ёстой. Тэмцээний үеэр хүмүүс бэртэж гэмтэх нь их байдаг тул эмч нар наадмын үеэр жижүүрлэн ажилладаг гэнэ.
Нимбэгний баяр
Францын Ментон хотод жил бүрийн гуравдугаар сарын эхээр ургац хураалтад зориулсан Нимбэгний наадам болдог. Энэ наадмын үеэр урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, парад, хөгжөөнт арга хэмжээнүүд болох бөгөөд эд бүгд нимбэг болон цитрусын төрлийн жимстэй холбоотой сэдэвтэй байдаг гэнэ.
Зомбины наадам
Австралид жил бүр зомбины наадам болдог. Зомбитой холбоотой сэдэв сонирхогчид зомбины дүрд хувилан, наадамдт оролцох бөгөөд энэ үеэр ихээхэн мөнгө цугларч, мөнгийг буяны үйлсэд зарцууддаг аж.
Хүүхэд дээгүүр харайх наадам
Испанийн Кастилья де Мурсия хотод жил бүр хүүхэд дээгүүр харайх наадмыг зохион байгуулдаг. Хүүхэд дээгүүр харайвал хүүхдийг хараал болон муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг эртний уламжлалтай холбоотой аж. Ийм зан үйл нэг жилийн хугацаанд л хүүхдийг хамгаалдаг тул El Colacho гэх энэ наадмыг жил бүр зохион байгуулдаг гэнэ.
Кекс шидэх өдөр
АНУ-ын Колорадо мужийн Маниту Спрингс хотод жил бүрийн нэгдүгээр сарын сүүлээр баярын дараа үлдсэн кексийг шидэх уралдаан болдог. Уралдааныг алсын шидэлт, бай онох зэрэг олон төрлөөр зохион байгуулдаг бөгөөд уралдаанд оролцогчид өөрсдөө кексээ авчрах ёстой.
Үсээ хөлдөөх тэмцээн
Канадчууд хачирхалтай тэмцээн, наадам зохион байгуулдгаараа алдартай. Үүний нэг нь үсээ хөлдөөх наадам. Оролцогч нь хүйтэн усанд толгойгоо дүрж гаргаж ирээд үсээ хөлдөөнө. Үс нь хамгийн хачирхалтай, өвөрмөц содон байдлаар хөлдсөн хүн тэмцээний ялагч болдог.
Г.Бямбасүрэн