Суданы сөргөлдөгч талуудын аль нэгнийх нь хяналтад орсон төв лабораторид булчин задрах тахал, сүрьеэ өвчин үүсгэгчид хадгалагдаж байгаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Газрын дундад тэнгисийн орнуудын товчооны захирал Ахмед аль-Мандхари мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, хэдийгээр Суданд түр хугацаанд гал зогсоосон ч Хартум дахь эмнэлгүүд, төв лабораторийг эзлэсний дараа эрүүл мэндийн дэд бүтцүүд рүү халдах тохиолдлууд нэмэгдсэн байна. Үүний улмаас өвчтөнүүд эмнэлгийн тусламж авч чадахгүй болсон аж.
"Энэ эзлэгдсэн лабораторид олон эмэнд тэсвэртэй улаан бурхан, булчин задрах тахал, сүрьеэ үүсгэгчид, вакцины гаралтай полиовирус болон бусад материалууд хадгалагдаж байгаа. Мэргэжлийн бус хүмүүс эдгээр халдварт дээжүүдтэй буруу харьцсанаар өөрсдөдөө болон бусдад халдвар тарааж болзошгүй гэж ДЭМБ санаа зовниж байна" хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгджээ.
Эргэн сануулахад, Суданы арми болон тусгай хүчний хоорондын мөргөлдөөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн юм. Суданы эрх мэдлийг иргэний засгийн газарт шилжүүлэх явцын хүрээнд тусгай хүчнийхэн армид нэгдэх ёстой байсан бөгөөд энэ үеэр талуудын хооронд зөрчилдөөн гарч, тэр дундаа хоёр хүчний тэргүүлэгчийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас энэ зэвсэгт сөргөлдөөн эхэлжээ. Мөргөлдөөний улмаас Суданд 600 гаруй хүн амиа алдсан юм. Улмаар АНУ болон Саудын Арабын зуучлалтайгаар талууд дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 72 цагийн хугацаагаар эвлэрэл зарлаж байсан ч буун дуу гарсаар байгааг хэвлэлүүд мэдээлж байв.
Уншиж байна |