Пүрэв гарагт Испанид дөрөвдүгээр сарын хамгийн өндөр агаарын хэм бүртгэгджээ. Орон нутгийн цагаар 17.00 цагаас хойш энэ улсын өмнөд зүгт агаарын хэм +38,7С хүрсэн гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.
Энэ онд Испанид дөрөвдүгээр сар урьд жилүүдээс илүү халуун байгаа бөгөөд өмнөх жилүүдийн дунджаас 10-15 градусаар илүү халж байгаа аж. Энэ нь Африкийн халуун агаар ирж, улмаар салхигүй байгаа тул хэт халалт үргэлжилж байгаа гэж цаг уурчид тайлбарлажээ.
Урьд хожид байгаагүй хэт халуун өдрүүд үргэлжилж байгаагийн улмаас Испанийн дунд сургуулиудын хичээлийн хуваарийг өөрчилж, хүмүүсийг метроны буудал дээр халуунд удаан зогсоохгүйн тулд галт тэрэгнүүдийн хоорондын зайг багасгаж, нийтийн усан сангуудыг нэг сарын өмнө нээсэн байна.
Испаниас гадна Азийн орнуудад ч хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа талаар эх сурвалж онцолжээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Тайландад 45,4 хэм хүрч халсан бол Лаост 42,7 хэм хүрсэн байна. Мөн Бангладешийн нийслэлд 40 хэм хүрч халсан нь сүүлийн 58 жилд тохиосон хамгийн дээд үзүүлэлт аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |