Фредди Меркьюригийн хамгийн дотны найзуудын нэг Мэри Остин Queen хамтлагийн домогт ахлагчийн 1500 хувийн эд зүйлээс бүрдсэн цуглуулгыг дуудлага худалдаагаар оруулахаар болжээ.
Энэ цуглуулгад Меркьюригийн гараараа бичсэн дууны үг, тайзны хувцас зэрэг багтаж байгаа талаар Мэри Остин ВВС агентлагт ярьсан байна. Меркьюри цуглуулгаа 30 жилийн туршид цуглуулж, Лондон дахь гэртээ хадгалж байжээ. Харин 1991 онд түүнийг нас барсны дараа энэ байшин бүхий л эд хогшлын хамт гэрээслэлийн дагуу Мэри Остинд шилжсэн байна.
Дуудлагаар худалдаалах эд зүйлсийн хамгийн хосгүй цуглуулгад Фредди Меркьюригийн гараараа бичсэн дууны үг, нот байгаа гэнэ. Энэ дуу нь дэлхийн олон орны спортын хөгжөөн дэмжигчдийн сүлд дуу болсон We Are The Champions бөгөөд энэ гар бичмэлийг 200 000-300 000 фунтээс эхлэн дуудах аж.
Түүнчлэн домогт дуучны тайзны хувцаснууд, акустик гитар, аяллынхаа үеэр цуглуулж байсан бусад эд зүйлсийг дуудлагаар худалдах юм байна. Дуудлага худалдаанаас олсон орлогын зарим хэсгийг ХДХВ өвчний асуудлаар үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын сангуудад хандивлах гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |