Оросын Мурманск мужид МиГ-31 сөнөөгч онгоц сүйрчээ. Энэ мэдээллийг Оросын Батлан хамгаалах яам баталсан талаар Известия мэдээлсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, сөнөөгч онгоц сургалтын нислэг үйлдэж байх үедээ хүнгүй газарт унажээ. Онгоцны хоёр нисгэгч хоёулаа амжиж газардсан, тэд эсэн мэнд, нисгэгчдийг нүүлгэн шилжүүлсэн байна.БАЗА сувгийн мэдээлснээр, сөнөөгч онгоц Мончегорск хотоос 15 км зайд орших Риж-Губа суурингийн нууранд унажээ. Онгоц унах үедээ шатаж байсан гэж гэрчүүд өгүүлсэн байна.
МиГ-31 онгоц нь хоёр хүний суудалтай, дуунаас хурдан сөнөөгч, амдагч онгоц юм. Энэ онгоцыг анх агаарын далавчит пуужин амдах зорилгоор боловсруулж байв.
Энд дуулгахад, өмнө нь Орост байлдааны онгоц унаж сүйрсэн хэд хэдэн тохиолдол гарч байлаа. Энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Белгород мужид Су-25 онгоц сүйрч, нисгэгч нь амиа алдсан юм. Онгоц байлдааны даалгавар гүйцэтгээд нисэх буудал руу буцаж явахдаа сүйрсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэж байв. Үүнээс өмнө, өнгөрсөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ейск хотод есөн давхар байшин дээр Су-34 онгоц унасны улмаас 16 хүн амиа алдаж, 43 хүн шархадсан. Үүний дараа, 10 дугаар сарын 23-ны өдөр Эрхүүд Су-30 онгоц хоёр давхар байшин дээр унаж, хоёр нисгэгч хоёулаа амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |