Манай улсад айлчлал хийсэн Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда түүний гэргий Агата Агата Корнхаузер-Дуда нар айлчлалынхаа сүүлийн өдөр Улаанбаатар дахь МУИС-ийн байранд Польшид их дээд сургууль төгсөгчидтэй уулзжээ. Энэ үеэрээ хоёр талын харилцааг бэхжүүлэхэд хүчин зүтгэл гаргасан Монголын хэд хэдэн иргэнд Польшийн төрийн шагнал гардуулж, Азийн энэ улс дэлхийн тавцан дээр ямар байр суурь эзлэх ёстой талаар өгүүлсэн гэж TVWORLD мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр МУИС-д болсон уулзалтад оролцон үг хэлэхдээ МУИС-ийн хүндэт докторын цол хүртсэн нь нэр хүндийн хэрэг төдийгүй Украин руу халдсан Оросын олон улсын эрхзүйг хэрцгийгээр зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоох хариуцлагыг үүрэх ёстойг сануулсан хэрэг хэмээн мэдэгдсэн аж. Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда МУИС-ийн хүндэт докторын цол хүртсэнийхээ дараах хэлсэн үгэндээ Украины асуудлыг чухалчилсан талаар TVWORLD онцолсон байна.
"Украинд үйлдэж буй Оросын хэрцгийллийг зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэг бүхнийг хийх ёстой. Энэ асуудал дээр НҮБ-ын үүрэг онцгой чухал. Мэдээж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд хариуцлагын хүндийг үүрнэ, харамсалтай нь энэ зөвлөлийн гишүүдийн нэг нь Орос улс өөрөө" хэмээн Дуда мэдэгджээ.
Түүнчлэн "олон улсын хамтын нийгэмлэг Оросын үйлдэл хариу өгч, Кремлийн дэглэм өөрийн үйлдлийн хор уршгийг амсах ёстой" гэдэг нь одоо нэн чухал гэж Дуда онцолсон байна.
Олон улсын эрүүгийн шүүх Путин болон хүүхдийн эрхийг хамгаалах түшмэл Мария Львоваг баривчлах тогтоол гаргасныг Дуда Кремлийн цэргийн гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татах тал дээр том биш ч чухал алхам хэмээн нэрлэжээ.
"Олон улсын эрхзүйг хамгаалах, Оросын цэргийн гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татахад туслах тал дээр Монгол Улс ихээхэн хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэлтэй байна" хэмээн Анджей Дуда мэдэгджээ.
Мөн Украины асуудал дээр Монголын эзлэж буй байр суурийг ойлгож байгаагаа ч илэрхийлсэн байна.
"Польшийн Ерөнхийлөгчийн хувьд би Монголын ард түмнийг ойлгож байна, тийм ч олон улс үүнийг ойлгох боломжгүй. Манай улс яг л танайх шиг хэдэн зуунаар хоёр давамгайлагч хөршийн дунд хавчигдан амьдарч байна" хэмээн Дуда өгүүлсэн бөгөөд Монгол Улс Орос, Хятадын хооронд харин Польш Орос, Германы хооронд "хавчигдан" оршдогийг энэ үгээрээ илэрхийлжээ.
Ийм том хөршүүдтэй байхын сул талыг ч мөн нэрлэсэн байна.
"Ийм хөршүүдтэй байхад нэн тэргүүнд болгоомжлох хэрэгтэй болдгийг бид сайн ойлгож байна. Гэвч урт хугацааны ирээдүйд ийнхүү хэт болгоомжлох нь муугаар бодоход тусгаар тогтнолоо алдахад хүргэдэг. Монгол Улс үүнийг сайн мэдэж, олон жилийн туршид гуравдагч хөршүүдтэйгээ харилцах харилцаагаа өргөжүүлж байна" хэмээн Дуда мэдэгджээ.
Энд дуулгахад, Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда албан ёсны айлчлал хийхээр гэргийн хамт даваа гарагт Улаанбаатар хотноо газардсан. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд Польшийн төрийн тэргүүн Монголд айлчилж буй анхны тохиолдол болсон юм. Одоогоос 10 жилийн өмнө, 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилж байв. Айлчлал эхлэхээс өмнө Польшийн Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Марчин Пшидач "Польшийн радио"-д мэдээлэл өгөхдөө Украины эсрэг Оросын түрэмгийлэлд хандах Польшийн байр суурийг Анджей Дуда илэрхийлнэ хэмээн онцолж байлаа.
"Монгол зэрэг бүхий л орны геополитикийн нөхцөл, сонголтод Ерөнхийлөгч ихээхэн хүндэтгэлтэй ханддаг. Мөн үүний зэрэгцээ, тэрбээр манай байр суурийг илэрхийлнэ. Энэ байр суурийг хүлээн авч, ойлгоно гэж бид найдаж байна" хэмээн Марчин Пшидач мэдэгдэж байв.
Дуда манай улсын албаны этгээдүүдтэй уулзаж, хэлэлцээ хийх үеэрээ Украинтай холбоотой сэдэв хөндсөн эсэхийг албаны эх сурвалжууд мэдээлээгүй бөгөөд гагцхүү олон улсын хэвлэлүүдээр МУИС дээр болсон уулзалтын үеэр Дуда дээрх мэдэгдлийг хийснийг онцолжээ.
Г.Бямбасүрэн